Мороккогийн хааны өршөөл үймээн дэгдээв

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Мороккогийн хааны өршөөл үймээн дэгдээв

Мороккогийн хаан VI Мохаммед хаан ширэнд суусныхаа тэмдэглэлт ойн өдрөөр тус улсын шоронд хоригдож байсан 48 испани хүнд өршөөл үзүүлэн сулласны дараа ард иргэд нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ. Мороккогийн ард иргэд хааны өршөөлөөр суллагдсан 48 испани хүний дунд 4-15 насны 11 охиныг хүчиндсэн хэргээр 2011 онд 30 жил шоронд хорих ял сонссон Даниель Галбан багтсаныг эсэргүүцэн үймээн дэгдээсэн аж. Уурлаж бухимдсан иргэд Мороккогийн нийслэл Рабат хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, өршөөлийн зарлигаа буцаан авахыг шаардсан байна. Цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний улмаас олон арван хүн гэмтэж бэртсэн ба хүний амь нас эрсдээгүй гэнэ. Эсэргүүцлийн жагсаал Мороккогийн нийслэлээс гадна томоохон хотууд болон Францын Парис хот дахь Элчин сайдын яамныхаа гадна хүртэл зохион байгуулагдсан аж.

Үүний дараа Мороккогийн Засгийн газраас хаан VI Мохаммед хоригдож буй испаничуудыг суллах тухай өршөөлийн зарлиг гаргахдаа тэдний хийсэн хэрэг, ял шийтгэлийн талаар сайн судлаагүйгээс ийм хэрэг гарсан гэж мэдэгдсэн ба хаан 60 гаруй насны хүчирхийлэгчийг сулласан өршөөлийн зарлигаа буцаан авчээ. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр Даниель Галбан өнгөрсөн долоо хоногт өршөөлөөр суллагдсан даруйдаа Морокко улсаас гарсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж