МАХН-ын Гишүүд, дэмжигчдийн холбооноос “Нийгмийн оюун санааг бохирдуулж байгаа хортой зүйлээс салах ёстой. Энэ нь намын талцал, хуваагдал юм. Үүний тод жишээ нь МАХН, МАН хоёр юм. МАХН бол 2000 гаруй гишүүнтэй нам. МАН бол Монгол Улсад олон жилийн үе, уламжлалыг авч явсан суурьтай нам. Монголд суурьтай нам бол МАН, АН гэсэн хоёр л нам байгаа. Бидэнд Монгол Улсын эрх ашгаас өөр зүйл хэрэггүй. Тиймээс МАН бол бидний ууган гэр орон юм. Нэг, хоёр хүний асуудлаас болж үүссэн талцал хуваалцлыг буруу гэж үзэж байгаа юм. Нийт 30 гаруй хүн өнөөдөр МАХН-аас гарч, МАН-д элсч байна. Цаашдаа ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-д элсэх болно” гэлээ.
Түүнчлэн цаашид хамтарч дэмжих биш, нэг намын хүмүүс нэг намдаа нэгдэх ёстой гэсэн байр суурийг МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос мэдээллээ. Энэ талаар намын удирдлагууддаа хэлсэн эсэхийг тодруулахад, “МАХН-ын удирдлагад энэ асуудлаа илэрхийлсэн. Албан бичгээр МАН-д элсэх гэж байгаа талаар хүргүүлсэн. Манай холбоо хараат бус байгууллага учраас МАН-д элсэх нь асуудалгүй юм” гэлээ.