Б.Саранчимэг: Шинэчлэлийг үгүйсгэх аргагүй

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг: Шинэчлэлийг үгүйсгэх аргагүй

МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн хатагтай Б.Саранчимэгтэй уулзаж, Бага хурлын талаар санал бодлыг нь хуваалцав.

-МАН таван сонгууль дараалан ялагдал хүлээж, намын нэр хүнд олон нийтийн дунд унаж гүйцлээ гэсэн яриа нөгөө талаар үүнийг засаж залруулах, намын нэр хүндийг дээшлүүлэх зорилготой залуусын “Шинэчлэл” хөдөлгөөн ч байгуулагдлаа. Эдгээр үйл явдлуудын талаар МАН-ын Бага хурлын гишүүний хувьд уншигчидтай санал бодлоо хуваалцаац?

-Бололгүй яах вэ, танд бас баярлалаа. Манай улсын ололт амжилт, алдаа оноо бүхэн МАН хэмээх энэ их айлтай салшгүй холбоотой. Гэвч бид энэ олон сонгуульд дараалан амжилтгүй оролцсон нь манай намд зайлшгүй өөрчлөн засах, шинэчлэх зүйлс байгааг харуулж байгаа хэрэг.

Нөгөө талаар төрдөө итгэх иргэдийн итгэл буурч, Монгол Улсын ДНБ сүүлийн жилүүдэд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх болсон ч иргэдийн амьжиргааны түвшин төдийлөн дээшлээгүй, ажил хийгээд авдаг цалин нь амьдралдаа хүрдэггүй нийгмийн ихэнхи гэр бүлийн хүндхэн дүр зурагтай холбон тайлбарлах учиртай.

Хэдий өнөөдөр бид шат шатны удирдах түвшинд цөөнхийн байр сууринаас ажиллаж, эрх мэдлийн хэт их зөрөөтэй ажиллаж байгаа ч намын шинэчлэлийн асуудал бол зөвхөн намын дотоод асуудал гэж бодох бус улс орон, иргэдийн сайн сайхан ирээдүйтэй ч холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм.

-Тийм ээ, та их чухал асуудал хөндлөө. Манай улсын олон шилдэг боловсон хүчнийг багтаадаг МАН-ын шинэчлэлийн асуудал зөвхөн дотоод асуудал гэхээсээ илүүтэй улс орны хөгжил дэвшилтэй шууд холбогдно. Сөрөг хүчний сайн хяналт засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд  үгүйлэгдэж байгааг иргэд ч их ярьдаг болсон.

-Энэ тал дээр та бид 2 санал нэгдэж байна. (инээв)

-Сонгуулийн дараа байгуулагдсан “Шинэчилье” хөдөлгөөний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгвөл?

-Шинэчлэлийг үгүйсгэх аргагүй юм. Түрүүн дурдсанчлан зайлшгүй хийгдэх шинэчлэлийн ажлыг залуус маань бусдыгаа уриалж, манлайлан эхлүүлж байгаад намын гишүүний хувьд талархан хүлээж авч байгаа. Энд зохион байгуулалтын асуудал их чухал.

Ер нь бусдын хэл амны бай болохоос эмээлгүй өөрсдийн ажил албаараа дэнчин тавьж мэдэх ч намынхаа төлөө нэгдсэн залуусаа зөв өнцгөөс харж дэмжих хэрэгтэй санагддаг. Гэхдээ шинэчлэл гэдэг өргөс авахтай адил зүйл биш учир үүнийг намын гишүүд бид аль аль талдаа хүлээцтэй хандаж, ухаалаг шийдлээр өргөн хүрээг хамарч тодорхой хугацаанд шат дараатай хийгдэх ажил байх гэж боддог.

-“Шинэчилье” хөдөлгөөний залуусыг гадагш сурах нэрийдлээр зугатсан үлдсэн хэд нь намын удирдлагад орохоор улайрч байна гэж харах хүмүүс цөөнгүй байна.

-Нийгэм дэх хардлага, сэрдлэг хэт их байгаатай гарсан яриа бололтой. Уг нь суралцана гэдгийг зугтах гэж огт ойлгож болохгүй юм. Хөгжил дэвшил гэдэг үг цаг минутаар хэмжигдэж байгаа энэ  цаг үед дэлхийн хэмжээнд бодож сэтгэн ажиллахын тулд суралцах нь хамгийн чухал. Ингэхээр намын залуу боловсон хүчнүүд суралцана гэдэг их зүйтэй зүйл, нам үүнийг бодлогын хэмжээнд ч дэмжих хэрэгтэй санагддаг.

-Та Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн. Намын Шинэчлэлийн талаар таны энэ байр суурь холбооны эмэгтэйчүүдийн байр суурь гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн НАМЭХ 10000 гаруй гишүүд дэмжигчидтэй байгууллага. Холбоо гэдэг яг ижил сэтгэх бас бусдын бодлыг хайрцаглах гэсэн үг биш юм. Гэхдээ холбооны тэргүүлэгчид маань 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой гарсан алдаа, дутагдалтай зарим нэг зүйлсийн талаар болон хэрхэн засаж, сайжруулах талаар  эмэгтэйчүүдийнхээ санал бодлыг нэгтгэж намын удирдлагуудад өгч байсан. Нийслэлийн шинэ удирдлагууд маань их нааштай хүлээн авч, зарим нэг зүйлсийг үйл ажиллагаандаа тусгасан байдаг.
 
-Даваа гаригт болох Бага хурлаар намын удирдлагуудыг солих тухай асуудал хүчтэй яригдаж байна. Дараагийн намын даргын тухай таны бодол, хэнийг дэмжиж байгаа вэ?

-Одоогоор намын удирдлагуудыг солих тухай албан ёсны мэдээлэл аваагүй байна. Нэр дэвшигчид тодроогүй байхад тэрийг энийг дэмжинэ гэж ярих арай эртэднэ.

-Тэгвэл энэ олон ялагдлын гол шалтгааныг та юу гэж дүгнэж байгаа вэ? Өөрчлөлт шинэчлэлтийг хаанаас эхлэж хийх ёстой вэ?

-Бидэнд өөрчилж, шинэчлэх шаардлагатай олон зүйлс бий. Намын дараалсан ялагдалд гадаад, дотоод олон хүчин зүйлс ч нөлөөлсөн. Тиймээс одоо энэхүү ялагдалдаа ул суурьтай үнэлэлт дүгнэлт өгч, үүний дараагаар намын дүрэм журамд шинэчлэл хийж үйл ажиллагааны үр дүнг сайжруулах талаар задлан шинжлэх ажлын хэсэг ажиллавал илүү оновчтой. Энэ нь ялагдлаа зүгээр нэг яриад маргаад өнгөрөх биш энэ ажилд мэргэжлийн судалгааны баг ажиллуулах шаардлага ч байгаа.

-Цөөхөн хором ч болов тантай ярилцсандаа таатай байна. Илүү асууж тодруулах олон зүйл байсан ч энд хүрээд өндөрлөх хэрэгтэй боллоо. Дараа илүү дэлгэрэнгүй ярилцлага өгөхийг хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээвэл?

-Баярлалаа. Ялагдал маргаашийн ялалтын угтал гэдэг, бусдыг таних үе ч гэдэг. МАН-ын нийт гишүүддээ эв нэгдлийг сахиж, намын шинэчлэлийн ажилд ул суурьтай хандаж, хувийн эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашгийг чухалчлан үзэхийг хичээнгүйлэн хүсье.  

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж