“Дайны эрсдлийн даатгалын сан”-д мөнгө хуримтлуулах нэрийдлээр Япон, Хонгконг дахь зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулан, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт гэм буруутай гэж шүүхээс ял оноосон МИАТ-ийн зарим удирдлагууд нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр өдөр үргэлжилж, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноож, битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Харин анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Нийслэлийн шүүх гомдлыг хүлээн авсан бөгөөд удахгүй давж заалдах шатны хурлын тов гарна. Энэ хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест Вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарыг тусгаарлан шалгахаар болсон билээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг энэ оны дөрөвдүгээр сард баривчилсан юм. Тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж байгаад албан тушаалын шинжтэй үйлдлүүд тогтоогдсон учир харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлжээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим холбогдогчийг батлан даалтад гаргажээ. Гэхдээ Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг цагдан хорьсон хэвээр байна. Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг шалгаж дуусаад АТГ-т өнгөрсөн зургадугаар сард нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Харин өнөөдрийг хүртэл энэ хэргийг аль дүүргийн шүүхээр хэлэлцэх нь тодорхойгүй байна. Түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх дөрвөн зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. Прокурорын байгууллагаас хэрэгт харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хүргүүж, нийслэлийн шүүхээс уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүх Ч.Гансүхэд холбогдох хэрэгтэй танилцаад нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар НПГ-т буцаасан байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэрийн улсын яллагч эс зөвшөөрч, дээд шатных шүүхэд эсэргүүцэл бичсэн. Одоогоор ямар шийдвэр гарсан талаарх мэдээлэл алга байна. Харин Ч.Гансүхийн хэргийн хамсаатнууд болох хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдоод байгаа Т.Билэгтийг эх орондоо ирэхэд нь баривчлан хорьсон ч 14 хоногийн дараа батлан даалтад гаргасан. Т.Билэгтэд холбогдох хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй гэж үзсэн учраас ийнхүү гадуур шалгаж байгаа аж. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутган, сэжигтнээр тооцсон билээ.
Филиппин улсад амьдарч байхдаа өөрийн охин Ч.Тэргэлсарыг хүүхдийн эцэг болох Чарлыз Эдвард Эргенд алдсан гэх Монгол Улсын иргэн Т.Аянтунгаа нэг хэсэгтээ хэвлэл мэдээллийн гол сэдэв болоод байсан бол өдгөө түүний талаарх мэдээлэл хомс байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Т.Аятунгаа нартай холбогдсон хэргийн шүүхийн шийдвэртэй танилцсан талаараа мэдээлжээ. Тэрбээр Филиппин улсын хууль сахиулах алба руу хандаж Т.Аятунгаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон буюу таван сартай охиндоо мах өгч, архи уулгасан нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн” гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гарсныг олж мэдсэн байна. Т.Аятунгаа Филлипин улс руу төрсөн ээж Н.Солонгын хамт явсан байдаг. Тэд охин нь 38 хэм хүртэл халуурсан тул бөөгийн зан үйл үйлдэн өвчнийг нь намжаахаар тийм зүйл хийсэн гэж мэдүүлжээ. Энэхүү үйл явдлын дараа охины эцэг Чарлыз Эдвард Эрген Филлипин улсын хилээр гарч явсан тухай мэдээллийг өгсөн. Харин Ч.Тэргэлсар нэртэй иргэн хилээр гарсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Ч.Тэргэлсарыг Сент Киттс ба Невис гэх арлын жижиг орны иргэншилтэй болгосон байх магадлал байгаа аж. Гэхдээ Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрах асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яам үргэлжлүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч 27 настай эмэгтэйг мэргэжил нэгтэй 31 настай Т гэгч эмэгтэй 70 гаруй удаа хутгалан хөнөөсөн ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан. Тухайн үед талийгаач эмэгтэйг Татварын ерөнхий газрын албан тушаалтнууд болох Ч.Гансүх нарын хэргийн гэрч байсан гэх мэдээлэл цацагдаж байв. Харин цагдаагийнхан хувийн өс хонзонгийн сэдлээр хүний амь насанд хүрсэн болохыг тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагааг дууссан байна. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлээд байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №23