МАН эхлээд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

МАН эхлээд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай

-Нэр хүнд, үүрэг манлайлал нь улам бүр уруудсаар буй МАН-ын хувьд өнөөдөр  шинэчлэгдэхээсээ өмнө хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тулгараад байгаатай олон хүн санал нийлэх байх-

Нэр хүнд, үүрэг манлайлал нь улам бүр уруудсаар буй МАН-ын хувьд өнөөдөр шинэчлэгдэхээсээ өмнө хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тулгараад байгаатай олон хүн санал нийлэх байх. Улс төр, эрх зүйн өнөөгийн орчинд нэг нам ганцаараа шинэчлэгдэх боломж байхгүй учраас эцсийн үр дүн багатай хувьсгалч лоозонгоо түр зуур хойш тавиад юуны өмнө намаа “аврах” ажиллагааг элдэв эрх ашгийнхаа эхэнд эрэмбэлэх шаардлагатай гэсэн үг. Ийм шаардлагыг ойлгож, хүлээн авах эсэхээ МАН өнөөдөр болох намын даргын сонгуулиараа шийдэх гэж байна.

Улс, үндэсний хэмжээний бодлого тодорхойлж байсан нам нэр хүнд, чансаа уруудаж буй ийм үедээ олон нийтийн байгууллага, эсвэл компанийн хэмжээний туршлагатай “эвлэлийнхнээр” лидерээ хийнэ гэвэл өнөөхөндөө хөнгөднө. Аливаа нам нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний лидерийг даргаараа сонгох нь ёстой байх. Ийм өнцгөөс асуудалд хандвал өнөөдөр МАН-ын даргын төлөө өрсөлдөгчдөөс М.Энхболд шиг туршлагатай улстөрч илүү жин дарж харагдана. Туршлага бол үнэтэй капитал. Намын залуусын эр зориг том үйлсийг хөдөлгөж болох ч туршлагагүйгээр үр дүнд хүрнэ гэвэл сохор азанд найдсантай адил тооцоогүй үйлдэл болж мэднэ. Шинэчлэгдэх нь тийм амархан, өөрсдийн дур зоргоос хамаардаг байсан бол МАН аль эрт шинэчлэгдэх л байсан. Хүсэл, зориг, залуусаар дутсандаа хөдөлж чадаагүй гэвэл өрөөсгөл ойлголт.

Шинэчлэлийг хэрхэн яаж хийх, ямар үр дүнд хүрэх хөтөлбөргүйгээр хөдөлж буй МАН-ын залуу гишүүд уг үйл явцыг халаа, сэлгээ, дарга удирдлагын насны их, багаар шийдвэрлэх гэж зорьж байх шиг. Хэрэв ийм байдлаар хэлбэрийн төдий шинэчлэл хийгдвэл МАН-ын үйл хөдлөл хэтэрхий хөнгөдөж мэдэх нөхцөл байдал гадна талд бүрдээд байна. АН-ын өрсөлдөгч АН байсан бол одоо АН+МАХН болж хүч хавсрах нь цаг хугацааны л асуудал болов. МАХН нэрээ өгчихсөн дээрээ тулхтай удирдлага, сахилга батаар мөн чанараа хийж ирсэн имижээ гээчихвэл нөгөө талд Н.Энхбаяр “хувцсыг нь сүнстэй” нь хамт өмсөөд гараад ирэх нөхцөл нэгэнт бүрдээд байгааг санахад илүүдэхгүй. Энэ бол улс төрийн өрөг дээр хүчний харьцаа, нөхцөл байдал маш өөрөөр эргэж байгааг илтгэж байна. МАН-ын хувьд одоо нүүдэл бүрээ нухацтай хийхгүй бол нуухаа авах гээд нүдээ сохлох эрсдэл хийж болохгүй боллоо. Шинэчлэгдэх хэрэгцээ байгаа нь үнэн ч гэлээ цагийг нь олох, нөхцөл байдалтай уялдуулах, ядаж л Улс төрийн намуудын тухай хууль шинэчлэгдэхийг хүлээх нь МАН-ын хувьд ашигтай байж болох юм. 

Тэгэхээр шинэчлэлийн асуудалд яаравчлах, ядаж л үүнийгээ намын даргын сонгуультай холбож ойлгох нь хэтэрхий гэнэн хэрэг. Өмнө нь намын дарга хийж үзсэн, эрх ашгийн бүлэглэлүүдтэйгээ хэл амаа ололцож сурсан, өрсөлдөгч намуудтайгаа өмнөх өгөө, авааг нь сануулж байгаад нүүдэл хийчих хэмжээний лидерийг даргаараа сонгох нь өнөөхөндөө МАН-д ашигтай байна гэсэн үг. Цаг нь ирээд нөхцөл нь бүрдэхээр аяндаа өрнөөд явчих шинэчлэлээс өмнө намаа нам шиг барьж чадах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх лидерээ эхлээд талбай дээр гаргах хэрэгтэй болов уу. Биеэ зассан цагт гэрээ засах амархан. Гэрээ зассан цагт төрөө засах юухан байх билээ.

З.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж