“Сувдан сондор” Сүхбаатар аймгаар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

“Сувдан сондор” Сүхбаатар аймгаар үргэлжилнэ

Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэдийн бүрэлдэхүүнтэйгээр Монголынхоо түүх соёл, байгаль экологийн асуудлыг тал бүрээс нь шинжлэх судлах зорилготой  соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор-9” аялалын баг өнөөдөр замдаа гарлаа. Сүхбаатар аймаг, Дарьгангын хээр талаар үргэлжлэх энэхүү аялал наймдугаар сарын 04-16-ны өдрүүдэд болно.

Аялалын бүрэлдэхүүнд нэрт эрдэмтэн, академич Б.Сумьяабаатар, нэрт эрдэмтэн, академич Д.Цэрэнсодном, доктор, профессор Г.Мэнд-Ооёо, геологич, профессор Г.Гонгоржав, ургамал зүйч, доктор профессор Ц.Жамсран, академич, ботаникич, доктор, профессор Ч.Дугаржав, экологич, доктор, профессор С.Чулуунхуяг, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, угсаатаны зүйч, доктор Б.Бадам-Оюу, түүхийн ухааны доктор Ц.Минжин, урлаг судлаач, доктор, профессор С.Бадрал болон ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Т.Билэгсайхан, зураач, судлаач Ё.Бадарч, докторант О.Мөнхнаран, судлаач Н.Билгүүдэй нарын эрдэмтэн судлаачид багтсан байна.

Хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн байнгын түнш болох Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Радиогийн уран бүтээлчдийн баг, мөн UBS телевиз, өмнөх уламжлалаараа “Өнөөдөр” сонин, “news.mn” сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд аялалын туршид мэдээ мэдээлэл, цуврал нэвтрүүлгүүд бэлдэх юм байна.

Мөн гэрэл зургийн сурвалжилгыг хийхээр Япон улсаас нэрт гэрэл зурагчин Т.Сүгияама хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Ганзориг нар ажиллна.

Орон нутгаас угсаатны зүйн музей болон соёлын өв тээгчид баг нэгдэн оролцох юм байна.

“Сувдан Сондор-9” нь Дарьгангын хээр талаар 2000 орчим км газарт түүх соёл, байгаль экологийн дурсгалт газрууд, хээр талын нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, бүс нутгийн экологийн асуудлуудын хүрээнд ажиллах юм байна.

Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй “Сувдан Сондор-9” соёл эрдэм шинжилгээний энэхүү аялалыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай Соёл, Яруу найргийн Академи хамтран зохион байгуулж, Нью Жуулчин групп дэмжин оролцож байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж