
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 75.2 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин УИХ-ын гишүүдийн хувьд залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээ эрс өсч, улам залуужиж байгаа үед энэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх эмийг худалдах цэгүүдийг олон болгох нь эргээд сөрөг үр дагавар дагуулах юм биш биз гэж анхаарууллаа. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “УИХ-аас сайн, сайн хууль батлаад өгдөг, Засгийн газар хэрэгжүүлэх санкц дээрээ сул ажиллаж байгаа нь эргээд өөрсдийнх нь үйл ажиллагаанд “муу” дүн тавихад хүргэж буй учраас өнөөдрийн хэлэлцсэн хуулийн төслийг олон нийтэд сурталчлах талд анхаарал тавьж ажиллахыг санууллаа. Учир нь телевизээр цацагдаж байгаа зар сурталчилгааны дийлэнх хувийг “Энэ эмийг хэрэглэчихвэл та гоолиг, туранхай болно” гэсэн PR түлхүү цацагддаг. Гэтэл нийгэм рүү хандсан хар тамхи, мансууруулах төрлийн бодисоос сэргийлэх, түүний хор холбогдлыг таниулсан сурталчилгаа цацагдахгүй байгаа нь өөрөө эргээд энэ төрлийн гэмт хэрэг газар авах шалтгаан нөхцөл болж мэдэх тул, сурталчилгааг сайтар хийх үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн сайд хүлээлээ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас Засгийн газрын цагаар үргэлжилнэ.
Г.Дарь