
Сүүлийн үед "Чингис" гэсэн ганцхан үндэсний баатартай болоод буй. Дуртай үг нь шинэчлэл. Цагийн ажилд туйлаас дургүй. Ам.долларт учиргүй сайн. "Чингис" бондоо ам.доллараар босгосон. Түүнийхээ төлбөрийг бас л ам.доллараар шилжүүлнэ. Энэ бидний сул тал. Тиймээс ам.долларын ханшаас улам бүр хамааралтай. Үндэсний мөнгөн тэмдэгт нь төгрөг. Гэвч түүний худалдан авах чадвар нь жилээс жилд унасаар буй. Гэтэл ам.долларын ханш цахилсаар байна. Хүчирхэг эдийн засагтай валютын өмнө хүчин мөхөсдөх төгрөг буруугүй. Гэхдээ ханшийг “ногтлох” гаднын хөрөнгө оруулалт манайхаас холдон нүүсээр. Хагас жилийн байдлаар гаднын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 40 хүртэлх хувиар буурч, Монголын эдийн засгаас 730 орчим сая ам.доллар гараад явчихлаа. Түүнийг нөхөх орлого зарлагаа нөхөж дийлэхгүй нь. Орлогын гол эх үүсвэр нь уул уурхайн салбар. Гэтэл тус салбарт хатуурхах Засгийн газрын төсөв нь орлогогүй, эдийн засагт нь гаднын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан таагүй үзүүлэлтээр нэг жилийг үдэв. Үүнээс гадна дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ буурсан нь давхар нэрмээс боллоо.
СЭЗДС-ийн “Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчны судалгаа”-нд “Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсад дэлхийн 110 орны нийт 11642 компани шууд хөрөнгө оруулсан бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 9.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2010 оны байдлаар дэлхийн нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.14 хувийг манай улс татаж чадсан” хэмээн онцолжээ. Тус судалгаанд өгүүлснээр хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан улсын эрэмбээр 233 орноос 68 дугаар байрт жагсчээ. Гаднын хөрөнгө оруулалттай компаниуд нь улсын төсөвт 200 тэрбум гаруй төгрөгийн татварын орлого оруулж, давхардсан тоогоор 100 мянга гаруй ажлын байр бий болгожээ. Тэд өнгөрсөн хугацаанд бүтээмж багатай эдийн засагт бүтээмжтэй өсөлтийг дуудсан юм. Гэвч сонгууль, түүнийг тойрсон улстөржилт, хууль эрх зүйн тогтворгүй орчин хөрөнгө оруулагчдыг үргээсэн болохыг уул уурхайн салбарынхан учирлаж байна. "Ядарсан орон гадаадын хөрөнгө оруулалтаар л босч ирдэг. Эхэлж хөдөлгөх капиталгүй учраас шүү дээ. Япон, Солонгос, Тайвань зэрэг өнөөгийн хөгжингүй орнууд дайны дараа Америкийн хөрөнгө оруулалтаар өндийсөн" хэмээн нийтлэлч Баабар хэлжээ. Хэдий Оюутолгой, Тавантолгой гээд он удаан жилээр улсаа тэтгэх ордтой ч ач тус нь алга юм шиг. Зориод ирсэн хөрөнгө оруулалтыг зогсоох нь Засгийн газрын ажил ч юм шиг.
Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN