Харилцааны сайд Л.Болд АНУ-ын Номхон далайн цэргийн командлагч Адмирал Самуэл
Ж.Локлэйр тэргүүтэй төлөөлөгчид, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ
болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ли Тэ Ру нарыг тус тус хүлээн
авч уулзлаа.
АНУ-ын Номхон
далайн цэргийн командлагч Адмирал Самуэл Ж.Локлэйр тэргүүтэй төлөөлөгчидтэй
хийсэн уулзалтын үеэр сайд Л.Болд, Адмирал Самуэл
Ж.Локлеэйр нар хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн
байдал, цаашдын төлвийн талаар санал солилцлоо.
Сайд Л.Болд энэ үеэр Монгол, АНУ-ын
харилцааны хамгийн үр бүтээлтэй хөгжиж буй салбарын нэг нь батлан хамгаалахын
хамтын ажиллагаа болохыг дурдаж, цаашид ч батлан хамгаалах, энхийг сахиулах
хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа.
Адмирал Самуэл
Ж.Локлэйр олон улсад энх тайван, аюулгүй байдлыг тогтооход Монголын энхийг
сахиулагчид чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэж, талархал илэрхийллээ. Мөн
бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хэтийн
төлөв, Афганистан дахь эвслийн цэргийн үйл ажиллагаа, 2014 оноос эвслийн түнш
орнууд хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо.
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэтэй хийсэн
уулзалтаар хоёр
талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны
өнөөгийн байдлын талаар санал солилцож, энэ онд хэрэгжих өндөр, дээд түвшний
айлчлалын талаар ярилцлаа.
Улаанбаатар хотод анхны Франц
сургууль нээгдэх болсонд Гадаад харилцааны сайд Л.Болд баяр хүргээд, франц
хэлтэй монголчуудын хүрээг тэлж, цаашид Монгол оюутнууд Францын их, дээд
сургуульд суралцах үүд хаалга нээгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ли Тэ Рутай хийсэн
уулзалтаар хоёр талын харилцаа,
хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд хийж гүйцэтгэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сайд Л.Болд хоёр
орны Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын найрсаг харилцаанд нэн
чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэж, Солонгосын эрх баригч намын
дарга болон БНСУ-ын Үндсэний Ассамблейн Солонгос-Монголын Парламентийн
бүлгэмийн гишүүдийн Монгол Улсад хийх айлчлалд ач холбогдол өгч байгаагаа
илэрхийллээ.
Мөн энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж
буй “Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатар дахь уулзалтад” солонгосын талын
төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулах, энэ оны 10 дугаар сард Солонгосын ардчиллын
сангаас зохион байгуулах «Сөүлийн Ардчиллын Форум»-д оролцож, Монгол Улсын
санал, санаачилгыг танилцуулах, форумын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан «Ардчиллын төлөө Азийн түншлэл» санаачилгад хамрагдах орнуудын
зөвлөлдөх уулзалтыг Монгол болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар хамтран зохион
байгуулах боломж зэрэг бусад тодорхой асуудлаар ярилцлаа гэж Гадаад харилцаа яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.