
Сумогийн ертөнц төдийгүй Японы нийгэмд дуулиан тарьж, 25 сумочийг огцруулсан “даваа наймаалцах” хэргийн улмаас гуравдугаар сард болох байсан хару башёг цуцалсан. Мөн тавдугаар сарын нацу башёг ч хийхгүй байхаар шийдвэрлэж, оронд нь долдугаар сарын нагоя башёгийн банзүкэг гаргах зорилгоор зуны башёгийн оронд сорилго барилдааныг зохион байгуулахаар болсон билээ. Харин Японы сумогийн холбоо “даваа наймаалцах” асуудлыг одоо хэр нь эцэслэн шийдээгүй байгаа, мөн тавдугаар сарын тэмцээн нь гол, чухал барилдаан биш учир NHK телевиз шууд дамжуулахгүй, харин мэдээний хөтөлбөрийн дундуур тойм байдлаар хүргэхээр болсон байна. Харин үзэгчдийг Кокугикан ордон руу үнэ төлбөргүй нэвтрүүлэх аж. Түүнчлэн энэ барилдааны түрүү бөхөд ямар нэг шагнал, Эзэн хааны цом гардуулахгүй.