“G20”-ын уулзалтыг тасалдуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

“G20”-ын уулзалтыг тасалдуулж магадгүй

Оросын эрх баригчид Америкийн тусгай албаны экс-ажилтанд орогнол олгосонд Вашингтон дургүйцэж буй аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгосон Оросын засгийн шийдвэрийг Вашингтон наймдугаар сарын 1-нд шүүмжиллээ. “Оросын Засгийн газар манай нээлттэй, итгэлийн гуйлтыг үл тоон ийм алхам хийсэнд бид маш урам хугарлаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдэв. Түүний хэлснээр, Москва нь Бостоны террорын дараа урагшилж ирсэн эрүүгийн мөрдөлтийн салбар дахь урт хугацааны хамтын ажиллагаанд хор хөнөөл учруулж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ Орос, Америкийн  Засгийн газрын төлөөлөгч нарын ирэх долоо хоногт төлөвлөсөн уулзалт мөн ирэх сард Санкт-Петербург хотод болох “Их 20” хүрээнд төлөвлөгдсөн хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтад асуудал тавигдаад байна гэж Reuters агентлаг мэдээлэв. АНУ эдгээр уулзалтууд “чухал уу” гэдгийг авч үзэж байгааг Карни мэдэгджээ. Мөн Сноуденд улс төрийн орогнол олгосон нь Орос-Америкийн харилцааны “нааштай хөгжилд” тус болохгүйг тэрээр анхаарууллаа. Нөлөө бүхий сенатор Чарльз Шумер “G20” саммитийг Оросоос өөр газарт хийлгэх зөвлөгөөг Обамад өгсөн байна. 

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф мэдэгдэл хийхдээ Москва өөрийн шийдвэрийн талаар тухайн цагт нь Вашингтонд мэдээлээгүй гэв. Ойрын үед Батлан хамгаалах яам, Гадаад яамдын сайд нарын уулзалтыг наймдугаар сарын 9-нд Вашингтон хотноо хийх асуудлыг АНУ санал болгохоор ярилцах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж