Аймгуудын зам засварыг аравдугаар сард дуусгана

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Аймгуудын зам засварыг аравдугаар сард дуусгана

Шинэчлэлийн Засгийн газраас 21 аймгийн
авто замыг хатуу хучилттай болгож, замуудыг хоо­ронд нь холбох ажлыг
эх­лүүлээд байгаа. Энэ жилийн хувьд зам барилгын ажилд Засгийн газраас
Хөгжлийн банкаар дам­жуулан нийт 570 тэрбум төг­рөгийн сан­хүүжилтийг
хийжээ. Санхүүжил­тийн хүрээнд энэ жил­дээ багтааж зургаан аймгийн зам
барилгын ажлыг хийж дуусгахаар төлөв­лөөд байгаа аж. Төлөвлөгөөнд
Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймгийг хатуу
хучилтаар холбо­хоор тусгасан. Дээрх зам засва­рын ажлыг аравдугаар
сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөгөөнд тусгажээ. Нөгөөтэйгүүр зам
зас­варын ажлын явцад өмнөх жилүүдэд хийгдээгүй үлдсэн зам болон энэ онд
шинээр засвар хийж байгаа замууд орж байгаа юм байна. Эдгээр зам
барилгын ажлаас дурьдахад Дорнод айм­гийн хувьд нийт 288.4 километр зам
барилгын ажлыг дуусгахаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц
34.6 хувьтай байгаа аж. Хөвсгөл аймгийн хувьд нийт 253.3 километр зам,
ажл­ын явц 19.6 хувьтай, Дундговь болон Өмнөговь аймгийг холбох зам
барилгын ажилд нийт 400 километр зам, явц 49.1 хувьтай, Дорноговиос
Замын-Үүдийн боомт хүртэлх 314.4 километр замын явц 74.2 хувьтай,
Дундговь аймгийн нийт 107 километр зам, явц 88 хувьтай тус тус зам
барилгын ажил хийж буй юм. Зам барилгын ажил Дорнод аймагт гэхэд
зур­гаан байгууллагын гэрээтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ хэсэгт 370
орчим хүн хүч, 297 техник ажиллаж байгаа аж. Зам тээврийн яамнаас энэ
талаар тодруулахад “Энэ жил хур бороо их орж байна. Үүнээс улбаалан зам
барилгын ажил удаашрах зүйл ажиглагдаж байгаа. Гэвч бидний зүгээс зам
барилгын ажлыг хурдан дуусгахыг хичээн ажиллаж байна” гэлээ.
 

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ 62.5 ХУВЬТАЙ БАЙНА

 
Нийслэлийн
Авто замын газ­раас хэрэгжүүлж буй зам засва­рын ажил 62.5 хувьтай
байна. Ийнхүү төлөвлөгөөт графикын дагуу ажлуудыг хийж байгаа бөгөөд
ирэх сарын 1-ны өдөр замуудын зорчих хэсгийг нээсэн байхаар нийслэлийн
Авто замын газраас төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлээд байгаа аж.
Нөгөөтэй­гүүр нийслэлийн Авто замын захиалгаар Зүүн дөрвөн замын
уулзвар-Сансрын тунель, Сансрын тунель-Сансрын аюулгүйн тойрог зэрэг
замуудыг гурав хоногийн хугацаанд хаасан байна. Үүнээс гадна Зүүн замын
уулзвар-Гялс төв рүү эргэдэг уулварын нэг километр зам буюу урд хэсгийг
нь хаасан байгаа аж. Тус замыг хоёр өдрийн өмнө хааж зам засварын ажлыг
эхлүүлээд байна. Ингэхдээ дээрх замыг гурав хоногийн  хугацаатай өнгө
хучилтыг нь хийж, тэмдэг тэмдэглэгээг хийхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн
Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон, Офицеруудын ордон-Амга­лан хүр­тэлх
замуудын суурь хучил­тын ажлыг хийжээ. Нийслэлийн хэм­жээнд зам засварын
ажлыг явуу­лахад газар чөлөөлөлтийн асуудал яригддаг. Энэ үүднээс “Си
Эф Си” ХХК-ийн гүйцэтгэж бай­гаа 2.2 километр замын хучилтыг хийгээд
байгаа аж. Гэвч энэ хэсэгт “Апу”, “Ариун” зэрэг компаниуд хашлагаа
татаагүйгээс шалтгаалан зам засварын ажил удаашрах магадлалтай байгаа
гэнэ. Зам засварын ажлыг аравдугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөсөн
байгаа аж. Үүнээс гадна 60 гаруй объектийн газрыг чөлөөлөх шаардлагатай
байгаа аж. Тухайлбал  Багшийн дээд-Цайз хүртэлх 500 метр зам, Шарга
морьт-Жигжид хүртэлх 500 метр замуудын хооронд дахь 40 айлын хашаа
татагдах ёстой гэнэ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар
хорооллын Буяны замын дагуу 20 айл хашаагаа татах шаардлагатай юм байна.
Ийнхүү “Газар чөлөөлөх­тэй холбоотойгоор зам засварын ажил удааширч
болзошгүй” гэд­гийг нийслэлийн Авто замын газ­раас хэлж байлаа.
 

ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫН АЖИЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА

 
Эдийн
засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн хүрээнд авто замын сүлжээг
сайжруулах зорилгоор 33 уулзварыг дөр­вөн замын уулзвар болгох ажил
явагдаж байгаа. Уг ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд нэвтрэх чадвар
муу, түгжрэл их үүсдэг, зохион байгуулалт буруу зэрэг уулзваруудыг зөв
зохион байгуулалттай болгох юм. Дээрх 33 уулзвараас зургаан уулзварын
ажлыг дуусгажээ. Үүнд, Өргөө кино театр, Дарь-эх, Сансар чиг­лэлийн
уулзвар, Апу компанийн арын уулзвар, Дамбадаржаагийн гэр хорооллын
уулзваруудыг дөр­вөн замын уулзвар болгоод бай­гаа аж. Дөрвөн замын
уулзвар болгох ажил дууссан байна. Ха­рин өнөөдрийн байдлаар Ажилчны
уулзвар, 10 дугаар хорооллын уулзвар, Тасганы овооны уулзвар, Бөхийн
өргөөний уулзвар, ХӨСҮТ-ийн уулзвар зэргийг дөр­вөн замын уулзвар болгох
ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар уулзваруудын зохион
байгуулалтыг хийж байгаа аж. Замуудыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг
хөдөлгөөний их ачаалал ихсэхээс өмнө буюу есдүгээр сарын 1 гэхэд
дуусгахаар төлөвлөгөөнд тусгажээ. Тэгэхдээ цаг агаарын нөхцлөөс
шалтгаалж уулзварыг өргөтгөх ажил хой­шилж магадгүй юм байна.
 

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж