
Англи улсын эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь 23, 69 нас болохыг тогтоосон байна. Тус улсын эрдэмтэд 18-75 насны 23 мянган хүнийг хамруулан судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь дээрх дүгнэлтэд хүрсэн гэнэ. Хүн хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн дэгэж дэрвэж явдаг үе залуу нас. Хүн залуу насандаа хайр дурлал, үерхэл, нөхөрлөл, инээд хөөр гээд сайхан бүхнийг бусад насны хүмүүсээс илүү ихээр мэдэрдэг гэнэ. Тийм учраас хүн энэ үедээ, тодруулбал 23 насандаа хамгаас илүү аз жаргал, баяр баясгалантай байж чаддаг гэдгийг судалгаа хийсэн эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн хүний амьдарын бас нэгэн жаргалтай үе нь 69 нас. Хүний амьдралд 69 нас бол бүх зүйл нь тэгширчихсэн байдаг учраас аз жаргалыг хамгийн ихээр мэдэрдэг аж. Өөрөөр хэлбэл хүн энэ насандаа өнгөрсөн амьдрал, алдсан боломждоо хармасч явдгаа больж харьцангуй чөлөөтэй амьдарч эхэлдэг юм байна. Хүн өтөл насандаа сэтгэлийн элдэв шаналлаар өөрийгөө зовоохоо больдог аж. Энэ үедээ хүн өөрийн туулсан амьдралаа эргэн дурсаж хэдий бие нь өтөлсөн ч гэлээ, сэтгэлдээ жаргалтай байдаг гэдгийг тус улсын эрдэмтэд тогтоожээ. Ийнхүү дэлхийн хүмүүс 23, 69 насандаа аз жаргалаар дүүрэн байдаг гэнэ. Харин монгол хүн насны бөгсөнд жинхэнэ аз жаргал гээчийг үзэж чадалгүй нүд аньдаг болж таарч байна. Учир нь монголчуудын дундаж наслалт дэлхийн дундаж наслалтаас доогуур тул бидэнд ийм боломж олддоггүй аж. Тиймээс нэгэнт өтөлсөн хойноо жаргах боломж олдохгүй учраас залуу насандаа л хорвоогийн сайн, сайхан бүхнийг мэдэрч, аж жаргалаар дүүрэн амьдрах хэрэгтэй болж байна. Жинхэнэ аж жаргал гээчийг үзэхэд бидний нас нэгэнт хүрэхгүй юм чинь идэр залуудаа ганц удаа ч болсон дүүрэн жаргалтай явья. Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа гэдэг ч 70 нас дөхтөл хаа ч юм бэ. Тиймээс амьдралд ганц олдох боломжоо ашиглаад идэр залуу насандаа л жаргасан шиг жаргая.
Б.НАРАНТУЯАЭх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
