Берлускони ялыг нь хэвээр үлдээсэнд бухимдав

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Берлускони ялыг нь хэвээр үлдээсэнд бухимдав

Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони өнгөрсөн аравдугаар сард татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон билээ. Үүнээс хойш Сильвио Берлускони бүх шатлалын шүүхэд давж заалдсан боловч тусыг эс олсон байна. Түүнчлэн Берлусконийн эцсийн найдвар болсон Италийн Дээд шүүх ч түүний ялыг хэвээр баталсанд тэрээр ихэд бухимджээ.

Өдгөө 76 настай Сильвио Берлускони шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон боловч Италийн хуулийн дагуу өндөр насныхаа ачаар үүний нэг жилийг л биеэр эдлэх юм. Харин гурван удаа Италийн Засгийн газрыг тэргүүлсэн Сильвио Берлусконигийн хувьд таван жил улс төрөөс ангид байх шүүхийн шийдвэрт ихээхэн бухимдаж байгаа аж. Энэ тухай Сильвио Берлускони есөн минутын дүрс бичлэг хийн телевизээр дамжуулан олон нийтэд цацсан байна. Тэрээр дүрс бичлэгтээ өөрийгөө хохирогч хэмээгээд өөрийг нь буруутгаж буй олон хэрэгт бүх шатны шүүхээс үнэн зөв шийдвэр гаргасангүй хэмээн мэдэгджээ. Берлускони шүүхийн шийдвэрт ихээр дургүйцэж буйгаа илэрхийлэн “Миний эрх чөлөө, улстөрийн эрхийг боогдууллаа. Эх орныхоо эрх ашгийн төлөө 20 жил зүтгэсний минь хариуд улс төрийн амьдралаа дуусгавар болгоход хүрлээ” гэж мэдэгдсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж