Гадаадад эмчлүүлэх зарим иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Гадаадад эмчлүүлэх зарим иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр гадаадад хийлгэх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийт хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийсний дүнд ийнхүү 19 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдээ өөрийн оронд оношлох, эмчлэх чадавхийг сайжруулах асуудлыг зорилт болгосон. Эмнэлгүүдийн чадавх сайжирч, багаж тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирсантай холбоотойгоор өөрийн оронд эмчлэх боломж нэмэгдэж байгаа ажээ. Гэхдээ анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өвчний оношлогоо эмчилгээний асуудал улам бүр нарийсч, дэлхийд хүртэл ховор тохиолддог өвчнүүд бүртгэгдэж байна. Энэ нь иргэдийг гадаад улс оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарахад хүргэж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлов. Тэрээр хэлэхдээ, “ Эрүүл мэндийн яаманд жил бүр 250-300 гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардал хүссэн өргөдөл ирж байна. Эдгээрийн гуравны нэг орчим нь Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад илгээн эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэд эзэлж байгаа. Ихэвчлэн мэдрэл, хавдар, тархи, зүрх судасны мэс засал, нүдний өвчин гэх мэт эмгэгүүд зонхилдог. Үлдсэн нь манайд эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин байдаг. Зарим тохиодолд гадаадад ч эмчлэгдэхгүй мэдрэл сэтгэцийн хүнд эмгэг, удамшлын өвчнүүд, тархины саажилт зэрэг өвчнүүд байдаг. Яамны зүгээс аль болох асуудлыг хурдан бөгөөд иргэддээ давуу талтайгаар шийдэж өгөхийг зорьдог. Бидний өгч байгаа энэ мөнгө үнэндээ гадаадад эмчилгээ хийлгэхэд хангалтгүй байдаг ч далайд дусал нэмэр болохыг хичээж ажиллаж байна. Өвдсөн хүнд сэтгэлийн дэм хамгийн ихээр дутагддаг болохоор манай яам өвчиндөө шаналж байгаа иргэддээ сэтгэлийн "эм" болж байгаа гэдэгт итгэж байна” гэлээ.

Монгол улсын Засгийн газрын гадаад оронд эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох “Журам батлах тухай” 2011 оны 226 дугаар тогтоол гарсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 дугаар тушаалаар “Гадаад улсад эмчлүүлэх 27 нэр төрлийн өвчний жагсаалт”, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталжээ. Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Гадаад эмчилгээний зөвлөл”-өөр хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь гадаад эмчилгээний зардлыг зохистой зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг ч салбарын сайд онцолсон. Гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардлын дэмжлэг авч буй эдгээр 19 иргэн ч туйлын талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлж, бага гэлтгүй тусламж үзүүлж байгаа нь сайхан санагдаж байна гэдгээ хэлж байсан юм.

Эрүүл мэндийн яамнаас 2011 онд 75 иргэнд, 2012 онд 147 иргэнд гадаад эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Харин 2013 оны эхний хагас жилийн байдлаар 84 иргэнд 256 сая төгрөгийг олгоод байгаа аж. Ийнхүү дэмжлэг авч буй иргэдийн 42 хувь нь 3 сартайгаас 17 насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар гарчээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал гадаад эмчилгээнд олгох санхүүгийн дэмжлэгийг аль болох эдгээр хүүхдүүдэд чиглүүлэх нь зөв гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Хүнд өвчтэй хүмүүс гадаадад нэг удаагийн эмчилгээ хийлгээд төдийлөн сайн үр дүн өгөхгүй байх тохиодол их байдаг бөгөөд давтан эмчилгээнд явах шаардлага гардаг. Энэ нөхцөлд дахин санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байдаг эсэх талаар салбарын сайдаас асуусан. Тэрээр, “Нэгэнт батлагдсан журмаар нэг удаа олгохоор тусгасан болохоор дахин олгох боломжгүй. Гэхдээ аливаа хууль, журам амьдралаас урган гарч, амьдралд нийцэж байх ёстой учраас өөрчлөлт оруулж болох талтай” хэмээн хариулт өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж