НҮБ-ын мэргэжилтнүүд Сирид ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

НҮБ-ын мэргэжилтнүүд Сирид ажиллана

Сирийн сөргөлдөгч талууд химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй талаар олон улс өнгөрсөн гуравдугаар сараас хойш маргалдсаар байгаа билээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын зүгээс химийн зэвсэг хэрэглэсэн гэх хэргийг босогчид руу чихсэн хэрнээ НҮБ-ын мэргэжилтэн, шинжээчдийг газар дээр нь очин байдлыг судлан тодруулахад хориг тавьсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хоёр тусгай элч төлөөлөгч Дамаск хотноо Сирийн Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийсний үр дүнд НҮБ-ын шинжээчид тус улсад нэвтрэн, химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тодруулах  боломжтой болжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төлөөлөгч Мартин Несирский “НҮБ-ын мэргэжилтэн, шинжээчид ойрын хугацаанд Сирид очин, химийн зэвсэг хэрэглэсэн гэх газруудад судалгаа, шинжилгээ явуулахаар болсон” гэж мэдэгджээ. Сирид ажиллах шинжээчдийн багийг Шведийн химийн зэвсгийн мэргэжилтэн Аке Селлстром удирдах ба тэд Халеб хотын ойролцоох Хан аль-Ассад, Дамаск хотын ойролцоох Атайба болон Хомс хотод гол анхаарлаа хандуулах гэнэ.

НҮБ-аас мэдээлж буйгаар Сирид 28 сар үргэлжилж буй иргэний дайны үеэр нийт 13 удаа химийн зэвсэг хэрэглэсэн халдлага гарсан байна. Гэхдээ халдлагуудын ихэнхи нь бараг сарын өмнө гарсан учраас нотлох баримт олоход хүндрэлтэй байх гэнэ. Түүнчлэн Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх газруудад одоог хүртэл Башар аль-Ассадын арми болон босогчдын хооронд ширүүн тулаан өрнөсөөр байгаа юм.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн талаар дуулиан гарахаас өмнө Башар аль-Ассадын Засгийн газрын албаныхны зүгээс тус улс олон зуун тонн химийн зэвсгийн нөөцтэй ба үүнийгээ ард иргэдийнхээ эсрэг хэрэглэхгүй гэж мэдэгдэж байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж