Иракийн дайнаас хэн хожсон бэ? АНУ. Жирийн иргэдийг хэрхэн амьтан мэт хороож байсан бэ? Бас л АНУ. Афгани болоод Иракийн дайнаар хэн бизнес хийж, актлагдсан зэвсгээ борлуулж байсан бэ? АНУ. Гуантаномогийн шоронд харгислалыг хэн үйлдэж байсан бэ? Нөгөөх л АНУ. Энэ бүгдийн хариуг бид шүгэл үлээгч Жулиан Ассанжийн буянаар мэдэж авсан. Хожмоо тэр АНУ-ын төрийн дайсан, дэлхий нийтэд зоригт баатрын дүрээр тодорсон юм. Эрх чөлөө, ардчиллын өлгий, дэлхий нийтэд эрх чөлөөг түгээж байгаа хэмээн ойлгогдож байсан энэ улсын хөшигний цаадах бодит үнэнийг тэр хэлж өгсөн билээ. Гэхдээ ганцхан түүнийг гээд ойлгоход учир дутагдалтай. Түүнд зоригтойгоор баримт дэлгэж, хав дарсан тоонууд, хар дансыг өгч байсан зоригт шүгэл үлээгчдийг бид мартах учиргүй. Одоо дэлхийн хамгийн золгүй бөгөөд баатарлаг хүнээр тодроод байгаа Ассанжийн тусгал болсон Бредли Маннинг шоронд хоригдохоор болоод байна. Хэдэн жил вэ, гэж үү 136 жил. Юуны төлөө вэ, гэж үү. АНУ-ын Иракийн дайнаар үйлдсэн харгислал, аврагч баатрын дүрээр жирийн иргэдийг хороож байсан бодит үнэнийг Ассанжид өгсөнийхөө төлөө.
Үнэн угаасаа их парадокс ойлголт. Тийм ч учраас дэлхийн бүхий л цаг үеийн туршид үнэний төлөө тэмцэж, үнэнийг эрж, хайж, судлан, шинжилж эхэлсэн. Гагцхүү үүнийхээ хүчээр дэлхий өнөөгийн өнгө төрхөө олсон билээ. Нуршилтыг одоо хойш нь түлхье.
Маннингийн эсрэг зогссон үнэн бол төрийн ард иргэддээ харуулж байсан үнэн. Өөрөөр АНУ-ын нүүрээ нууж байсан үнэн хэмээх багны эсрэг тэмцсэн. Үүнийхээ хүчинд одоогоос гурван жилийн өмнө Ассанжтай холбогдож, 750 мянган хуудас материал, Иракийн дайны үеэр АНУ-ын цэргүүд ард иргэд рүү шүршиж байгааг харуулсан бичлэг, Афганы дайны тухай өдрийн тэмдэглэл болоод 100 гаруй мянган хуудас материалаа өгсөн. Энэ бүх материал олны өмнө дэлгэгдсэнээс хойш Ассанж шүгэл үлээгчдийг хамгаалж, өөрөө овоо хараанд орсон билээ. Хэрвээ тэр материалаа өгөөгүй бол Викиликс сайт маш чухал нэгэн үнэнээр дутах байсан. Хэрвээ тэр энэ материалыг өгөөгүй бол АНУ-ын эгэл жирийн дайчин, 136 жилийн хорих ял сонсоогүй жирийн иргэн байх байлаа. Хэрвээ тэр энэ материалыг устгасан бол дэлхий нийт АНУ-ын бодит дүр төрхийг мэдэж чадахгүй байлаа. Хэрвээ тэр…
АНУ-ын Тагнуулын төв газар болоод Төрийн департамент, Цагаан ордон 2010 оны тэр нэгэн хар өдрөөс хойш нэг ч удаа зүгээр суугаагүй нь лавтай. Тэд Ассанжаас гадна түүнд энэ материалыг өгсөн шүгэл үлээгчдийг хайж эхэлсэн. Хамгийн эхний тактик нь Ассанжид бүх анхаарлаа хандуулах байлаа. Түүнийг эх нутагт нь авчирч шийтгэхийн төлөө тэмцэж, олон улс, орнуудад шаардлага хүргүүлж, гагцхүү Ассанжийн төлөө л байсан. Энэ хооронд шүгэл үлээгчдийн анхаарал бага зэрэг суларч, түүнийг нь далимдуулан мөрдөх ажиллагаа зохион байгуулна. Бүх зүйл сценарийн дагуу явагдсан. Маннинг Ассанжийн гарт энэ үнэтэй мэдээллээ атгуулснаас хойш яг 1162 өдрийн дараа 136 ял жилийн ял сонссон нь энэ.
Ассанжийн “Der Speigel” сэтгүүлд өгсөн ярилцлагад нэгэн ийм хэсэг бий. “Энэ бол үнэхээр зүрх шархлуулсан материалууд байсан. Өдөр бүр дайн хийж ардчилал авчрах нэрээр харгислал үйлдэж байсан нь тодорхой болсон. Үүнийг олон нийт мэдэх ёстой шүү дээ” гэж. Энэ бол 2011 оны эхэнд өгсөн ярилцлага. Тэрээр Афганы болон Иракийн дайны тухай сурвалжлагчийн асуултад хариулсан нь энэ. Яг энэ үйл явдалын дараа АНУ-ын Тагнуулын төв газар шүгэл үлээгчдийг хайж байж болзошгүй тухай Ассанж хэд, хэдэн удаа ярьж, хэлж байсан. Үүнийг хэлэх тоолонд АНУ-ын засаг захиргааны байгууллагууд бүгд түүнийг буруутгаж байлаа. Түүхийн хуудсыг нэг жилээр хойшлуулъя. АНУ-ын жирийн цэрэг нэгэн эр Ассанжид үнэ цэнийг нь юугаар ч илэрхийлэмгүй материал өгсөн нь Осама бин Ладены тухай материал. Викиликс үүнийг тайлбарлахдаа “2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалд ямар нэгэн буруутан хэрэгтэй болсон. Хамгийн тохиромжтой хүн нь Осама бин Ладен бас Аль Кайда байсан. Угаасаа Ойрхи дорнод болоод лалын ертөнцөд зүгээр байдаггүйгээрээ алдартай энэ байгууллага, хувь хүн бол хамгийн тохиромжтой сонголт байсан. Гайхалтай нь Иракийн удирдагч Саддамтай сонин сэжимээр холбогдсон байдаг” хэмээн тайлбарласан нь бий. Маннингийн өгсөн материал нь Осаматай холбогдож байлаа. Сүүлийн 15 жилд хийсэн үйл ажиллагаа болоод АНУ-ын Засгийн газар түүнд хэрэг тохох гэж байгаа тухай материал. /Хожим нь Бин Ладеныг баривчлах үйл ажиллагаанд бодитоор оролцсон нэгэн хүний тэмдэглэл хэвлэгдэж АНУ болоод дэлхийг цочирдуулсан/
Маннинг энэхүү материалуудыг өгснийхөө дараа Ассанжтай холбоо тасарсан. Тэг гэж ятгасан хүн нь Ассанж өөрөө байсан юм. Гэхдээ цахим ертөнцөд нууц нэрээр холбогдож байсан тухай өөрөө шүүх хурлын үеэр ам нээсэн удаатай. Түүний тухай АНУ даяар долоо хоногийн өмнөөс шуугиж эхэлсэн. Сэм авгын эх орны тал нь түүнийг дайсан мэтээр харж байсан ч тал нь баатрын дүрээр харж байлаа. “Би энэ материалуудыг эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүний хувиар Викиликст өгсөн. Одоо энэ үйлдэлдээ би харамсахгүй байгаа. Яагаад гэвэл би энэ эх оронд хайртай. Яг одоо үйлдэгдэж байгаа энэ муухай харгислал, дайнаас би залхаж байна” гэж тэр ярьж байжээ. Түүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч хэмээн дүрсэлж болно. Түүний эх орныхоо төлөө хийх энэхүү зорилго нь Викиликсээр дамжуулан хэрэгжиж эхэлсэн нь гайхалтай. Цаг хугацааны нарийн давхцал хэмээн тайлбарлаж ч болох юм.
Яг одоо дэлхий нийт Маннингт өгсөн ялыг эсэргүүцэж байна. Ассанж ч үүнд үзэл бодлоороо нэгдсэн. “Энэ бол үнэхээр байж болохгүй хэрэг. Бодъё л доо. Тэр хэлэх, мэдэх эрхээ эдэлж, бидэнд материал өгсөн. Түүнийх нь хүчинд дэлхий нийт АНУ-ыг арай өөр нүдээр харах болсон. Тэн хагас нь тийм биш ч АНУ-ын үнэн дүр төрх олонд илчлэгдсэн. Үүнийх нь төлөө түүнд 136 ял өглөө. Ардчилсан, эрх чөлөөт АНУ-аас гарах үйлдэл мөн үү” гэж Ассанж өчигдөр CNN-д ярилцлага өгсөн билээ.
Түүхийн хуудсыг сөхөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр рүү очъе. Энэ үед АНУ-ын “Вашингтон Пост” сонины сэтгүүлчид болох Карл Бернштейн, Боб Вүүдворд нар Ричард Никсоны суудлыг ганхуулах нэгэн бүтээл туурвисан нь Вотергейтын шуугиан. Ричард Никсон болоод Бүгд найрамдахчуудын бодлогын талаар дэлхий нийтэд мэдээлж, АНУ-ын түүхэнд үлдэх тийм л материалыг ил болгосон нь энэ. Тухайн үед сэтгүүлчдийг тагнах мөрдөх зэрэг үйлдлүүд гарч байсан ч ямар нэгэн байдлаар сэтгүүлчдийг хорьж цагдаагүй юм. Үүнийг дагаад Никсоны бүх л нууц дэлгэгдсэн. Солонгос болон Вьетнамтай хийсэн дайн, намын хөрөнгө оруулалт гээд. Удалгүй тэрээр өөрийнхөө хүсэлтээр ерөнхийлөгчийн суудлаа өгсөн билээ. Энэ бол түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдал. Харин өнөөдөр яг юу болох вэ?, юу болоод байна вэ? Ялтан нь зөвхөн Маннин, Ассанж, Сноуден гэж үү?
Зүүлт: “Би одоогийн Цагаан Ордны үйл ажиллагааг эрс шүүмжилдэг. Яг л Никсоны үеийнх мэт. Гэхдээ тэр үед Цагаан Ордон одоогийнхоосоо нээлттэй байсан юм шүү. Тийм ч учраас засаглалынхаа бүх бурууг Никсон хүлээж, суудлаа өгсөн. Хэрвээ тэр үед Бернштейн бид хоёрыг шоронд цагдан хориод, олон жилийн ял тулгасан бол АНУ өнөөдрийнхөөс ч аюултай байх байж” Вотергейтийн хэргийг нийтэлсэн Боб Вүүдвордын Фокс телевизийн сувагт өгсөн ярилцлагаас…