ОУ-ын эрдэмтэн судлаачдын цугларалт

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

ОУ-ын эрдэмтэн судлаачдын цугларалт

УВС АЙМАГТ ОЙРАД СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ЦУГЛАРАЛТ БОЛНО

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Тод номын гэрэл төв хамтран 2013.07.26 – 2013.08.05 -ны хооронд 10 хоногийн хугацаатай “Нэрт монголч эрдэмтэн А.В.Бурдуков (1883-1943)-ын мэндэлсний 130 жилийн ойд зориулан Ойрад судлалын олон улсын эрдэмтэн судлаачдын цугларалт”-ыг зохион байгуулахаар тогтоод бэлтгэл ажилдаа оржээ.

Тус цугларалтын гол зорилго нь Увс аймгийн дөрвөд, баяд, хотон угсаатны аж ахуй, соёлын уламжлалтай гадаад дотоодын судлаачдыг танилцуулахын хамт ойрад судлалын эрдэмтэдийн эрдэм шинжилгээний санал солилцоо хийх боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.

Тус цугларалтад ОХУ-ын Халимаг, Алтай, Тувагаас 20, БНХАУ-ын Шинжаан, Хөхнуур, Ганьсугаас 10, Монгол улсаас 10, нийт 40 судлаачид оролцох бөгөөд Увс аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Улаангом, Сагил, Түргэн сумын нутагт баяд, дөрвөд, хотон угсаатны уламжлалт аж ахуй, аж төрөх ёс, бичиг үсгийн соёл, аман зохиол, ардын язгуур урлагийн талаарх судалгаа хийнэ. Мөн А.В.Бурдуковын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Хяргас суманд зохион байгуулна.

Ташрамд дурдахад Оросын худалдаачин А.В.Бурдуков Баруун монголд, тодруулбал Баядын хошуу нутагт 20 гаруй жил суурин сууж худалдаа эрхлэхдээ монгол хэл сурч, улмаар Оросын эрдэмтэдтэй холбоо тогтоон ажиллаж ойрад монголчуудын түүх соёл, аж төрөх ёс, Ховдын хязгаарын нийгэм, улс төрийн байдлын тухай мэдээллийг шинжлэх ухаанд мэдээлжээ. Улмаар 1920-иод оноос хойш судлаач болж Ховд, Киргиз, Ижил мөрний ойрадуудын тухай даацтай судалгаануудыг хийсэн юм.

Эх сурвалж: http://www.uvsu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж