Э.Мөнх-Очир: У.Хүрэлсүх дарга болбол би намаасаа гарна

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очир: У.Хүрэлсүх дарга болбол би намаасаа гарна

Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийс­лэлийн намын байгууллагууд хариуцсан нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очирыг “Ярил­цах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн өмнөхөн та намынхныгаа болон Ерөн­хийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нэлээд шүүм­жилснээс болоод намын­хантайгаа эв түн­жингүй байгаа гэсэн яриа гарсан байна билээ. Энэ үнэн үү?

-Намынхантай эв түнжин хагарна гэж юу байх вэ. Зүв зүгээр байгаа. Уржигдар болсон Удирдах зөвлөлийн хуралд ирээч гээд олон хүн над руу залгасан шүү дээ.

-Ямар учраас та Удирдах зөвлөлийнхөө хуралд суугаагүй юм бэ?

-Ер нь би Удирдах зөвлөлийн хуралд суухгүй байгаа. Яагаад вэ гэхээр би нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн хурал дээр “2004 оноос хойшхи намын санхүүгийн тайланг гаргаж өг. Хандивын тайланг ил болго. Хэн, хэн хэдэн төгрөгийн хандив намд юунд зориулж өгчихөөд түүнийг нь нам яаж ашигласан болчихоод хэн, хэн сайд, даргын албан тушаал авсан юм бэ гэдгийг албан тушаалгүй байгаа үедээ бид ил болгох ёстой” гэдэг шаардлага тавьсан. Манай намд 2004 оноос хойш санхүүгийн тайлан гаргасан тохиолдол байхгүй гэдгийг манай намын гишүүд мэдэх ёстой. Энэ шаардлагыг хүлээж аваагүй учир би Удирдах зөвлөлийн хуралд суухгүй байгаа юм.

-Танай намын хэсэг залуус намаа шинэчлэхээр нэгдээд хөдөлгөөн хүртэл байгуулчихлаа. Та тэдний талаар ямар бодолтой байгаа вэ?

-Шинэчилнэ гэж ярьж эхлэх үеэс нь л би “Яг юуг нь шинэчлэх гээд байгаа юм бэ” гэж асууж байсан. Юуг, яаж шинэчлэх гэж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байж “Шинэчилнэ” гэж орилоод байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Нам одоогийнхоос өөр түвшинд очих ёстой гэдэгтэй бол би санал нэг байгаа. Манай намынхан 1996 оноос хойш зүүн төвийн үзэл баримтлалтай нам болно гэж явсаар байгаад СоцИнтернд элсэж, 2000 он гарахтай зэрэгцэн арай гэж зорилгодоо хүрч байсан. Харамсалтай нь Н.Энхбаяр гэдэг хүн нам шинэчлэгдэж, төлөвших ажлыг зогсоочихсон шүү дээ. Яаж зогсоосон бэ гэхээр юу ч мэддэггүй.Уншсан зүйлээ ойлгодоггүй, сургуульд сураагүй, намын үзэл бодлын талаар ямарч ойлголтгүй хүмүүсийг ямар нэгэн албан тушаалын төлөө намын гишүүн болгосон явдал. Тэр хүмүүс намын шинэчлэлийг яаж үргэлжүүлэх вэ гэдгийг мэдэхгүй явсаар байгаад өнөөдөртөө золголоо. Одоо тэднийх нь “тэжээсэн хүүхдүүд” шинэчлэл гээд яриад яваад байгаа нь инээдтэй байгаа юм.

-Албан тушаал авах гэж намд элсэн, авлигын хэрэгт орооцолдсон хүмүүстэй хариуцлага тооцох тухай асуудлыг дээрх залуус хөндөж байгаа шүү дээ?

-Тийм хүмүүстэй хариуцлага тооцъё гэж байгаа бол өнөөдөр намын мөнгөөр гадагшаа сургуульд сурахаар явсан хүмүүс тэр дунд юугаа хийгээд байгаа юм бэ. НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай нар өнөөдөр гадаадад ямар мөнгөөр сураад явж байгаа вэ гэдгийг бодож байж дуугарах ёстой байх. Нам өнөөдөр цахилгааны мөнгөө төлж чадахгүй байж тэд нарыг сургаад явж байгааг юу гэх гэсэн юм. Тэд ч гэсэн ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү дээ. Албан тушаал хашиж байхдаа хийх ёстой зүйлээ хийж чадаагүй атлаа өнөөдөр дахиад албан тушаал горилчих гээд орилоод явж байгаа нь надад таалагдахгүй байгаа юм.

-Ардын намынхан авлигын асуудалд орооцолдож эхэллээ. Бүх зүйл удаан сунжирвал Ардчилсан намынхан ч орооцолдож магадгүй гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрсөн. Таны ярианы өнгө аясаас харахад та тэр хүмүүсийг хамгаалаад байх шиг ээ?

-Улсын үйлдвэрийн том газруудыг хэн авсан бэ. 1996 оноос өмнө болсон хувьчлалуудыг хэрхэн хийсэн бэ гэдгийг жагсаагаад үзчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр л ямар үйлдвэрүүдийг хэн, хэн яаж авсан бэ гэдэг нь тодорхой харагдана. Дандаа Ардчилсан намынхан байгаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яаж байж Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хуулийг батлууллаа. Гэтэл өнөөдөр барилга барьдаг хүн яагаад Барилга хот байгуулалтын дэд сайд болчихсон байгаа юм. Өнөөдөр чацаргана үйлдвэрлэдэг ганцхан л том компани Монголд бий. Гэтэл Шадар сайд нь “Чацаргана ууж эрүүл байцгаая” гээд л улсаас мөнгө гаргаж байсан байх аа. Тэгэхээр ёс зүйгүй үйлдлийг хэн хийж байсан, хэн хийж байна вэ. Манай намаас баригдсан, шалгуулж байгаа хүмүүс байна. Яагаад гээч. Өөрсдийнх нь хийсэн лай нь тэр байхгүй юу. Энэ бүхнийг намтай холбож, нам руу дайрах хэрэггүй. Бид тийм адгийн шааруудыг тэжээж явсныхаа горыг амссан. Одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Шинэчлэлийн залуус өнөөдөр бөөрөнхийлж байхынхаа оронд нэр цохож хэлээд л түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан бол би ингэж хэлэхгүй байх байсан юм. Тэдний цаана нөгөөдүүл нь байгаа юм чинь яаж ч нэр цохох вэ дээ.

-Нөгөөдүүл нь гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?

-Хуучин удирдлагууд нь л байхгүй юу.

-Тэгэхээр Ардын нам шинэчлэгдэж чадахгүй юм биш үү. Шинэчлэгдэхийн тулд яах ёстой гэж бодож байна вэ?

-Үе солигдох ёстой. Ямар ч фракцийн нөлөөлөлд ороогүй шинэ хүмүүсийг л гаргаж ирэх ёстой. Түүнээс биш 1970-аад оныхон шинэчлэл гэж худлаа орилох хэрэггүй. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нараас эхлээд болих хэрэгтэй. Ж.Энхбаяр аль хорин хэдэн наснаасаа эхлээд гаальд ажиллаж хөлжсөн. Одоо болоо юм биш үү. Я.Содбаатар намын бүх том ажлыг хийж байсан хүнийхээ хувьд өнөөдөр шинэчлэл гээд яриад явж таарах уу. Би хувьдаа тэдний оронд байсан бол шинэчлэл гэж ярихаасаа ичих байсан. Өөрөө дотор нь байхдаа хийж чадаагүй байж шинэчлэл гэж ярих нь сонин биз дээ.

-Ардын намын удирдлагуудыг огцруулах тухай асуудлыг танай намынхан хөндөх болсон. Та үүнтэй санал нэг байгаа юу. Хэрэв асуудал хурцадвал албан тушаалаа өгч чадах уу?

– 2000 оноос эхэлж улс төрд бялуу хуваах гэдэг үг гарч ирсэн санагдаж байна. Намынхаа удирдлагуудыг огцруулахаар ярьж яваа хүмүүсийг би хувьдаа өөрийнхөө бялууг авах гэж зүтгээд байгаа хүмүүс гэж харж байгаа. Тухайн үед бүгд намын нэрээр албан тушаал хашиж явсан хүмүүс байхгүй юу. Намын нарийн бичгийн дарга болсноос хойш тийм ч их хийсэн зүйл надад байхгүй учир би хувьдаа албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Удирдах зөвлөлөөс ч гарч болно. Удирдах зөвлөл гэдэг бол 30 гаруй хүн суучихаад ямар нэгэн шийдвэр гаргадаг юм биш шүү дээ. Уг нь Удирдах зөвлөл гээд зангидсан гар шиг нягтарч ажиллаж чаддаг. Гарын 10 хуруунд багтах хэдхэн хүн л бодлогоо ярьж, асуудлыг шийддэг байх ёстой. Түүнийх нь дагуу ажлын албууд нь бодит ажлаа хийдэг байх нь чухал. Гэтэл өнөөдөр яаж байна вэ. Удирдах зөвлөлийнх нь хурал болоогүй байхад хурлаас гаргах Бага хурлынх нь тов олон нийтэд ил болчихож байх жишээтэй. Намын дотоод бодлого, нууц гэж тодорхой хэмжээгээр байх ёстой. Удирдах зөвлөлийн хурлын гишүүд нь хурал дээрээ сууж байгаад л цахим хуудсаараа дамжуулаад тэнд болж байгаа бүхнийг ил болгочихож болдог юм уу. Анх би Удирдах зөвлөлд орохдоо намын үүрүүд дээр түлхүү ажиллаж, гишүүдийнхээ санал бодлыг сонсож, бодлогодоо тусгах хэрэгтэй гэж хэлж байсан. Гэтэл манай намынхан ард түмнийхээ үгийг сонсоогүй. Тэдний төлөө юу хийх вэ гэдгээ тодорхой болгож чадаагүй. Ийм байхад манай нам сонгуульд ялагдал хүлээхгүй яах юм бэ.

-Тэгэхээр та намаа шинэчлэх ажилд гар бие оролцохгүй гэсэн үг үү?

-Би бол шинэчилье гэсэн. Санхүүтэй холбоотой асуудлаа тавьчихсан. Хариултыг нь хүлээж байна. Уг нь миний хариуцаж байгаа асуудал бол гишүүдийн эрх ашиг болон төрийн бус байгууллагууд шүү дээ. Тиймээс би өөртөө хамаагүй асуудал яриад байгаа юм биш. Би өөрийн ажлын хариуцлагын хүрээнд шаардлага тавьж, ажлаа хийх гэсэн. Харамсалтай нь дэмжихгүй байна. Миний гаргасан санаа болгоныг хүлээж авах чадвар байхгүй байна шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ маш бага хувийн саналаар ялагдал хүлээсний дараа “Б.Бат-Эрдэнэ Ардын намын нэр хүндийг аварлаа” гэх утгатай яриа маш ихээр гарсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бага хувийн саналаар ялагдсан нь Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчид байгаа юм биш шүү дээ. Тэр хүнд санал өгсөн хүмүүсээс “Та яагаад Б.Бат-Эрдэнэд санал өгсөн бэ” гээд асуу л даа. “Ардын намаас нэр дэвшсэн учир” л гэж хариулна. Яагаад гэвэл Засгийн газар маш муу ажиллаж байгаа учир, ийм Засгийн газрыг хүсэхгүй байгаа учир ард түмэн Ардын намд саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл хүндээ биш намдаа байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн нь намынхантайгаа нэг индэр дээр зогсохоос ичээд “Надтай хамт битгий зогсоорой” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ. Намаасаа ичиж байгаа бол яах гэж тэр намаас сонгуульд нэр дэвшсэн юм. Манай намыг муулж байгаа хүмүүст хандаж “Намын нэрийг ашиглаж янз бүрийн асуудал үүсгэж байгаа хүмүүсээс болж нэр хүнд унаж байна. Түүнээс биш Ардын нам цэвэр байгаа. Тэднээс манай нам салж чадна” гэж хэлэх байна.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намынхандаа гомдсоноос болоод МАХН-ыг байгуулсан. Түүнтэй ижилхэн гомдлыг Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ тээж яваа гэсэн. Түүнийг дараагийн Н.Энхбаяр болохыг үгүйсгэхгүй гэсэн мэдээлэл ч гарах болж. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд гомдлоо гээд явах юм бол явна л биз дээ. Бөхчүүдийн нам байгуулах юм уу. Байгуулбал байгуулна л биз. Өмнө нь хэн нэгэн нь аль нэг нам руу явна гэж сүрдүүлснээс болоод бид сандралддаг үе байсан. Одоо тэр үе өнгөрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд МАХН долоо гаруй хувийн санал авсан байх аа. Энэ л тэр намын үнэлэмж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн МАХН-ын ирээдүйг тодорхойлчихлоо шүү дээ.

-Ардын нам өнөөдөр цахилгаанаа таслуулах хэмжээнд хүрчихээд байгаагаас харахад санхүүжүүлэгчид нь нүүрээ буруулсан байдалтай байна уу. Үүнээс болоод нам идэвхгүй мэт харагдаж байна уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Тусгаар тогтнолын ордны цахилгааныг төлбөрөө төлөөгүй учраас тасалсан уу, үгүй юү гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Намын санхүү хариуцаж байгаа хүн биш учир тэр талаар мэдэх юм надад алга. Та сая намыг санхүүжүүлэгчид гэлээ. Өнөөдөр хүн бүр намыг хэн нэгэн санхүүжүүлдэг гэсэн ойлголттой болсон. Үүнийг л болиулах хэрэгтэй байгаа юм. Нам өөрийгөө санхүүжүүлдэг өөр хэлбэр байх ёстой. Тухайлбал, Лениний музейг залуучуудын байгууллагад өгөөч гэж би маш их хэлж, ярьж байсан. Тэнд хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх үйл ажиллагааг явуулахын хажуугаар намын сурталчилгаа явуулах зориулалтаар ашиглая гэдэг саналыг гаргаж байсан юм. Хэрэв миний саналыг хүлээж авсан бол Ардын нам өнөөдөр нийгэм, иргэдэд хэрэгтэй үйл ажиллагааг Лениний музейд явуулж байн гэдэг утгаар ямар ч асуудал үүсгэхгүй байх байсан юм. Нөгөөтэйгүүр, манай намынхан өөрсдөө үйл ажиллагаагаа зогсоочихоод байгаа буруутай. Бид өнөөдөр иргэд, нийгэм рүү хандсан өдөр тутмын үйл ажиллагаа хийхгүй байгаагаас болоод л үхээнц харагдаж байгаа юм.

-Гэтэл танай намын “Шинэчилье” хөдөлгөөний төлөөлөгчид “Намын удирдлагууд унтаа бай­далд байгаа нь Засгийн газар тарангуут шургалах гэж байгаагаас үүдэлтэй” гэж хардаж байгаа юм байна билээ. Та намын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргын хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?

-Би харин ч эсэргээр нь хардаж байгаа. “Намын Бага хурлыг нэн дариу хуралдуулах шаардлагатай” гэж орилоод байгаагийнх нь цаад шалтгаан нь өөрсдөө хурдхан шиг намын удирдлагад гарч суучихаад Засгийн газар тарна гэсэн асуудал гарвал өөрсдөө тэнд орж суух гээд байгаа юм биш үү.

-Ямар үүднээс та тэгж хардаж байгаа юм бэ?

-УИХ-д байгаа хүмүүс нь хоорондоо тэгж ярьдаг юм байгаа биз дээ. Би одоогоор хувийн ажил хийгээд тэр хүмүүстэй уулзах ч зав гарахгүй л байна шүү.

-Ардын намын дарга солигдлоо гэж үзэхэд оронд нь очих хүнгүй болчихно гэсэн яриа гараад байгаа. Үнэхээр Ардын намынхан лидергүй болчихсон гэж үү?

-Юу гэж тийм зүйл байх вэ. Намын даргын ажлыг хийгээд явах хүн олон байна шүү дээ. Би бол Н.Энхболд даргыг хурдан намын дарга болоосой л гэж бодож байна.

-“Шинэчилье” хөдөл­гөөнийхөн У.Хүрэлсүх даргатай холбоо барьсан гэх юм билээ. Тэр ч үүднээсээ “У.Хүрэлсүх даргыг намын даргаар тавих гэж байна” гэсэн мэдээлэл цацагдах болсон. Хэрэв тийм зүйл болбол яах бол?

-У.Хүрэлсүх гэдэг хүнийг Монголын нийгэм мартах ёстой байхгүй юу. Хэрэв У.Хүрэлсүх Ардын намын дарга болбол би намаас гарна. Өөрсдөө жанхуугаа хутгадаг юм байгаа биз. Би лав намаас гарна. Өнөөдөр би нэг зүйлийг маш их гайхдаг юм. Манай намд эмэгтэйчүүд, залуучууд, оюутан, ахмадуудын гэсэн албан ёсны хэдхэн байгууллага байдаг. Гэтэл Зүүний хүчний холбоо гэж хаанаас гараад ирсэн байгууллага юм. Юу болчихоод гэнэт гарч ирчихээд бүх хуралд квот авдаг юм. Тэр ч бүү хэл Удирдах зөвлөлд хүртэл “Зүүний хүчний хүн орно” гээд оруулчихаж байх жишээтэй. Манай намын дүрэмд энэ талаар ямар ч заалт байхгүй. Намын удирдлагад байсан хэдхэн хүний хоорондын тохиролцоон дээр үндэслээд намын дүрмээ зөрчсөн ийм үйл ажиллагаа яваад байгаа учир үнэхээр сэтгэл дундуур байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.
 

Р.САРАНГОО
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж