Тойрогтой, тойроггүй гишүүний ялгаа

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Тойрогтой, тойроггүй гишүүний ялгаа

Хал цэрэг, шинэхэн цэрэгтээ оны ялгааг мэдрүүлж дэглэдэг шиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь намын листээр сонгогдсоноо “доош нь хийж” зиндаархах болсоор жилийн нүүрийг үзэв. Зиндаархал ирэх жилүүдэд ч парламентын танхимд хэрүүлийн алим өнхрүүлсээр байх төлөвтэй. Учир нь УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнөхөн тойргоос сонгогдсон гишүүд, намын листээр сонгогдсон гишүүддээ хандан “Тойроггүй гишүүнд бие төлөөлөгчийн хэрэг байхгүй” хэмээн томроод авчээ.

Шинэчлэн батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тойргоос сонгогдсон гишүүнд оногдох сонгогчийнх нь тоо олширсноос бие төлөөлөгч нь хаанаа ч хүрэлцэхгүй, эрхэм түшээ орон нутагт ажиллахад авто машиных нь шатахууныг барж, зардал чирэгдлийг нь нэмэгдүүлэх болжээ. Жишээ татвал, УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжихээс өмнө Сэлэнгэ аймаг гурван мандаттай буюу мөн тооны гишүүд сонгогдон парламентад суудаг байсан. Одоо хоёр гишүүн сэлэнгэчүүдийг төлөөлж байгаа учраас сонгогчийнх нь тоо нэмэгджээ. Тэр хэрээр ажлынх нь ачааллыг нэмсэн учраас намын нэрээр сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийг тойргоос сонгогдсон гишүүнд шилжүүлж, мөн УИХ-ын гишүүний багцаас цалинждаг  зардлыг нь тойргоос сонгогдсон гишүүнд нэмж олгох нь хамгийн шударга хуваарилалт болно гэж үзэж байгаа юм. Гэвч намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүд бие төлөөлөгчөө зүгээр ч нэг “Май” гээд тойргоос сонгогдсон гишүүнд өгчихгүй бололтой. Чуулганы завсарлагааны хугацаанд тойргоос сонгогдсон гишүүн оногдсон нэг аймагтаа ажилладаг бол намын нэрээр сонгогдсон гишүүн зарим тохиолдолд 21 аймагт хүрч ажиллах нь бий. Өөрөөр хэлбэл, 21 аймагт гаргасан зардлыг нэг аймагт гаргасан зардалтай харьцуулах юм бол дэргэд нь юу ч биш харагдана. Тэглээ гээд тэд энэ хугацаанд “Зардал их гарч байна” хэмээн гомдол мэдүүлээгүй.

Нөгөөтэйгүүр, тойргоос сонгогдсон гишүүн намын нэрээр сонгогдсон гишүүнийхээ бие төлөөлөгчийг илүү харах шаардлагагүй. Тойргоос сонгогдсон гишүүн хоёр бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэйгээр ажлаа амжуулдаг бол намын нэрээр сонгогдсон гишүүн нэг бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй. Хэрэв ганц бие төлөөлөгчийг нь шилжүүлээд авчихвал 21 аймагт хүрч ажилладаг УИХ-ын гишүүний нүд, чих болох хүн хэн байх вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс тойргоос сонгогдсон гишүүд илүү шуналгүйгээр дөрвөн хүний орон тоондоо багтаагаад  ажлаа хуваарилаад амжуулах нь хамгийн зөв гарц болно гэж үзэх гишүүн ч байна.

Ямартай ч УИХ-ын гишүүдийн дунд үүсээд байгаа бие төлөөлөгчийн төлөөх дажин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоо халж нэг л системд шилжихийг анхааруулсан үйл явдал болж байх шиг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар парламентын 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдсон юм.

УИХ-ын гишүүн хэдэн төгрөгийн цалинтай вэ?

Тойрогтой, тойроггүйгээрээ бие биедээ томрон зиндаархах гишүүдийн цалин пүнлүү, зарим зардлыг нь сонирхвол базарваань тэгтлээ ч горойгоод байхааргүй хангамжийг татвар төлөгчдийн халааснаас шууд төсөв батлах үеэр авчихдаг юм байна. Тухайлбал, УИХ-ын 2014 оны төсвийн төсөлд тусгаснаар УИХ-ын гишүүдийн зардлыг 22.4 тэрбум төгрөг байхаар тооцжээ. УИХ-ын гишүүний нэг жилийн цалин 10 сая төгрөгт эргэлдэж байгаа бол туслах, зөвлөх зэргийнх нь цалин 26 сая төгрөг, хоол, унааны зардал 193 сая төгрөг аж.

Зөвхөн хоол, унааны зардал нь 200 сая дөхөж байна шүү дээ. За тэгээд өнөөх гишүүд гар утасныхаа ярианы төлбөрийг хүртэл даалгачихыг яана. Зөвхөн нэг гишүүний гар утасны зардал жилдээ 1.4 сая төгрөг байх жишээтэй. Цаашаа хууль сурталчлах нэрээр 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, хууль санаачилсныхаа төлөө 20 сая төгрөг авна. Бас болоогүй тойргийн томилолтод 8.7 сая төгрөгийн зардал гаргана хэмээн тооцоолж төсөвт суулгадаг байна.

Гэтэл ядарсан муу ардууд нь тэднийг зөвхөн хууль санаачилсных нь төлөө авдаг 20 сая төгрөгийг олж байрны урьдчилгаанд өгөхийн тулд хуруу хумсаа хуйхлах шахам зүтгэж байх. Ийм их цалин, хангамж авч байж, ард түмэндээ хандсан аятайхан хууль баталчихгүй, зөвхөн компаниудын эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл санаачилж батлуулахдаа л гаршсан гэж хэлж болно. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас урьтаад нийтийн тээвэрт ашиглагдах автобусыг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан. Чухамдаа цаагуураа хувийн дунд сургуультай түшээдийн бизнесийг л дэмжсэн ажиллагаа болж хувирсан. Дээр нь нефтийн үйлдвэр барих зориулалтаар орж ирэх техник, тоног төхөөрөмжийг мөн л татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Үүнд нь үндэсний үйлдвэрүүд багтахгүй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд л хамрагдаж, үр шимийг нь хүртээд дуусахаар байгааг сануулах хүн цөөнгүй бий.

Ийм байж ард түмнийхээ төлөө бид цаг наргүй зүтгэж байна, бие төлөөлөгч хэрэгтэй байна, чинийхийг авна гэж ярихаасаа ичих цаг болж… Аягүй бол тэд ирэх аравдугаар сард намрын чуулган эхлэхэд “Тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийг нэмэх шаардалгатай байна” гэж үзээд хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлж, татвар төлөгчийн нуруунд үүрүүлэх ачааг нэмж чадах л юм шүү.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж