Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Дулаангүй барилга

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлснээр барилгын компанийн эзэд сүүлээ сэрвээн дээрээ хаяж, барилгынхаа үнийг тэнгэрт тултал хөөрөгдөв.

Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг хойно орон байртай болохын хүсэлд автсан залуус аав, ээж, ах, дүүгээсээ тусламж дэмжлэг авч байрны урьдчилгаа 30 хувиа яаж ийгээд олж, захаасаа орох оронтой болж байна. Гэвч байрны эрэлтийг хангачих хэмжээний орон сууц ашиглалтад ороогүй нь өнөөх моодонд ороод байгаа барилгын эздийн шуналыг улам өдөөж, 1м2-ыг нь хоёр сая төгрөгөөс дээш давуулж үнэлэх болов. Үнэтэй байгаагийн шалтгаан нь нэгд, хотын төвтэй ойрхон, хоёрт, агаар цэвэр гэх мэт шаардлага тавиад буй.

Харин өчигдрөөс Дулааны сүлжээ ХК-иас нийт 88 барилгад дулаан олгох боломжгүйгээ мэдэгдсэн нь ашиглалтад хараахан ороогүй байгаа барилгын компаниудад нэлээд хүчтэй цохилт өгсөн гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн жилүүдэд барилгын компаниуд барилга барих хийгээд цахилгаан, дулааны зөвшөөрлөө албан ёсоор аваагүй хэрнээ ажлаа эхлүүлж, улмаар дараа нь тэр бүх зөвшөөрлөө авч ажлаа амжуулдаг байсан. Харин одоо байдал өөрчлөгдсөн бөгөөд эхлээд та бүх зөвшөөрлөө авсны дараагаар ажлаа эхлүүл гэдэг хууль үйлчилж эхэлсэн нь өнөөх өндөр үнэтэй орон сууцуудын үнэд ч нөлөөлөх бололтой. Хэн 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийг дулаангүй барилгад өгч, “шатах”-ыг хүсэх билээ дээ.

Ганц жишээ татахад, Эх нялхасын төвийн урдхан талд улаан хүрэн өнгөтэй орон сууц баригдаад лав л таван жилийг ардаа хийлээ. Эл орон сууц ашиглалтад ч ордоггүй, иргэд ч амьдардаггүй шалтгаан нь ердөө дулаан авах эх үүсвэргүйтэй холбоотой. Иймэрхүү дулаангүй орон сууц дээрх 88 барилга дотор нэлээд бий гэх сураг сонстож байна. Ирэх долоо хоногоос эдгээр барилгын байршил, нэрийг нь тодорхой зарлах гэсэн. Тэр болтол иргэд минь 20 жилийн хугацаатай авах орон сууцны зээлийг цахилгаан, дулааны эх үүсвэрээ шийдээгүй, зөвшөөрлийг нь аваагүй барилгын данс руу битгий хийгээрэй. Тэр жагсаалт гартал хэсэг зууртаа хүлээж тэвчээр заагаарай гэж захих байна.

Арван жил гэр хороолол, түрээсийн байранд амьдарч болсон хойно 10 хоног тэсэхэд юу байх вэ дээ, тийм биз. Дулаангүй барилгад зун нь байж болох ч өвөл, намар, хавар гэсэн жихүүдэс даасан өдрийг яаж үдэх билээ.

Дулаангүй, цахилгаангүй барилга аа гэж хөөрхий ингээд хэнд ч хэрэггүй үл хөдлөх хөрөнгө болох нь дээ.

Дүүрэг

Зөвшөөрөлгүй барилгын тоо

Дулааны хэрэглээ Гкал/ц

1

Сонгинохайрхан дүүрэг

2

0.6

2

Баянгол дүүрэг

35

14.35

3

Хан-Уул дүүрэг

22

14.09

4

Чингэлтэй дүүрэг

1

0,4

5

Сүхбаатар дүүрэг

6

7.17

6

Баянзүрх дүүрэг

22

27.68

Нийт дүн

 88

64.29

 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж