Барилгын ажилтай танилцжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Барилгын ажилтай танилцжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгын ажлын явц байдалтай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон БХБЯ-ны газрын дарга Г.Мэргэнбаяр, Б.Цэдэнсамба нар өчигдөр танилцжээ.

Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” компани ажиллаж,  барилгын ажлыг эхлүүлжээ. Тус компанийн захирал Б.Ундрахбаяр хүүхдийн эмнэлгийн барилгын онцлог байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ зарим тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлыг сайдад хэлээд амжжээ. Халаалт дулаан авах, шугамын ажил гүйцэтгэхэд зарим хөрш газрууд хүндрэл учруулж байгаа ажээ. Иймд саад бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийг  сайд, газрын дарга нараас хүслээ.

Цусны эмгэгтэй хүүхдүүдэд туслах буяны энэ ажил хэрэгжиж, эмнэлэг үүд хаалгаа нээхэд цусны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх эмнэлэгтэй болно. ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг ганц эмнэлэг бөгөөд тус эмнэлэгт жилд 35 мянган хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100 мянга гаруй хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  байна.

Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 2009 онд цусны хавдрын 18 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ.

Монгол хүүхдүүдэд туслах Хүүхдийн эмнэлгийн барилгын ажилтайгаа танилцахаар бурханы шашны гэгээнтэн Ажиа Рэнбүүчи манай улсад ирээд байгаа бөгөөд тэрбээр сайдын хамт барилгын явцтай танилцсан байна. Тэрбээр буяны энэ ажлаа аль болох хурдан хэрэгжүүлэх чин хүсэлтэй яваагаа дуулгалаа.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж