“МанЮ”, Бэкхэм хөлбөмбөгийн ертөнцийн баячууд

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

“МанЮ”, Бэкхэм хөлбөмбөгийн ертөнцийн баячууд

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн багийн жагсаалтыг “Манчестер Юнайтед” долоо дахь жилдээ дараалан тэргүүллээ. Харин тус баг хүчин зүтгэж байсан Дэвид Бэкхэм дахин хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр тодорсон байна.

Америкийн бизнесийн сэтгүүл болох “Forbes”-ын 2011 Soccer Valuation судалгааны дүнд Английн топ багийг 1,86 тэрбум ам.доллараар “үнэлсэн” бол араас нь Испанийн эзэн хааны “Реал Мадрид” /1,45 тэрбум ам:доллар/ жагсчээ. Харин гуравт “Арсенал” /1,19 тэрбум/, дөрөв, тавдугаарт Германы “Баейрн Мюнхен” /1,1 тэрбум/, Испанийн “Барселона” /975 сая/ эрэмбэлэгдсэн байна. Харин тэдний араас “АС Милан”, “Челси” багууд удаалжээ. Жагсаалтын топ 20-д багтсан багуудын дундаж өртөг өнгөрсөн жилийнхээс 1,3 хувиар өсч, 640 сая ам.доллар болсон бол үйл ажиллагааны орлого 25 хувиар өсч, 40 сая ам.долларт хүрчээ.

“Forbes” энэхүү жагсаалтыг бүрэн эхээр нь тавдугаар сарын 9-нд гарах шинэ дугаартаа нийтэлнэ. Жагсаалтыг гаргахдаа элдэв татвар, элэгдэл хорогдлыг тооцохоос өмнөх орлогын дүнг нэгтгэсэн байна.
“МанЮ” дэлхийн хэмжээнд 333 сая дэмжигчтэй хүчирхэг брэнд хэмээн “Forbes” онцлоод, тэдгээр дэмжигчдийн 193 сая нь Ази тивд байгаа гэжээ. Түүнчлэн Facebook-т л гэхэд 9,5 сая фентэй юм.

Харин хөлбөмбөгчдийн тухайд Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бэкхэм өнгөрсөн улиралд 40 сая ам.долларын орлого олсноор “Forbes”-ын жагсаалтыг тэргүүлжээ. Сүүлийн үед “Adidas”-тай хамтран ажиллаж буй тэрбээр “Pepsi” болон “Electronic Arts”-тай сурталчилгааны гэрээ байгуулснаар орлогоо нэмэгдүүлж чадсан аж. Харин Facebook-т 24 сая фентэй болсноор тус нийгмийн харилцааны сайтын хамгийн алдартай тамирчнаар тодорсон “Реал Мадрид”-ын Рональду багаасаа авч буй цалингаасаа гадна “Nike”, “Armani”, “Coca-Cola” болон “Castrol”-той хамтран ажиллаж буйн үр дүнд 38 сая ам.долларын орлого олжээ. Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгийн шагналын хоёронтоо хүртсэн “Барса”-гийн Лионель Месси 32 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравт бичигджээ. Тэрбээр нийт орлогынхоо талаас илүү хувийг “Adidas”, “Lay’s”, “Konami”, “Audemars Piguet”, “Chery”, “AirEuropa”-тай байгуулсан гэрээнээс олсон байна. Жагсаалтын удаахь байрт Кака /25 сая ам.доллар/, Роналдиньо /24 сая ам.доллар/, Тьерри Анри /21 сая ам.доллар/, Уейн Рүүни /20 сая ам.доллар/ нар бичигджээ. Энэ жагсаалтын топ 10-т багтсан цорын ганц африк хөлбөмбөгч бол Самуэль Эту. Африкийн шилдэг хөлбөмбөгийн шагналыг дөрвөн удаа хүртсэн тэрбээр “Puma” болон “Ford”-той гэрээтэй. Эту жагсаалтын 10 дугаарт бичигдсэн. Харин түүний өмнө “Челси”-гийн Фрэнк Лампард, “АС Милан”-ы Златан Ибрагимович /хоёул 17 сая ам.доллар/ нар жагсчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж