Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярт шаардах бичиг илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярт шаардах бичиг илгээжээ

МОНФЕМНЕТ Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын сүлжээнээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хоотын захирагч Г.Мөнхбаярт шаардах бичиг илгээжээ.
Уг бичигт “2010 оны дөрөвдүгээр сарын 5-наас эхэлсэн шударга ёс, тэгш эрхийг хангах, эрх баригчдыг хариуцлагатай байхыг шаардсан иргэний хөдөлгөөний цуглаан, улс төрийн суулт нь хүний эрхийн олон улсын пактууд болон, Монгол улсын Үндсэн хуульд баталгаажуулсан эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж байгаа билээ.  

Эдгээр хөдөлгөөний удирдлага, суултанд оролцогчид “засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй болсон, Засгийн газар нь УИХ-аас дээгүүр эрх мэдэлтэй болсон, улс төрийн намууд төр, засгийн байгууллагын “толгой дээр гарсан” зэргээр Монголын улс төрийн өнөөгийн хямралтай байдалд үнэлгээ өгч, аливаа шударга бус байдлыг халахыг шаардаж байна.  

Иргэний хөдөлгөөнийхөн хуульт ёсыг дээдлэх, улс төрийн ёс зүйтэй байхыг шаардаж, улс төрийн тэмцлийн эцсийн арга болсон өөрсдийн амь нас, эрүүл мэндийг золиослон  өлсгөлөн зарлаад байна. Эдгээр хүмүүсийн байдал хүндэрч байна. Тэд хаврын хавсарга, шөнийн хүйтэнд амь бие, эрүүл мэндээ огоорон Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдэлж байгааг буруутгах аргагүй.

“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж Үндсэн хуульд заасан.

Тийм учраас улс төр, нийгмийн тэгш эрх, шударга ардчилсан засаглалтай байхын төлөө тэмцэж байгаа иргэдийн амь нас эрсдэх, эрүүл мэнд нь доройтохоос урдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авахыг та бүхнээс шаардаж байна.

Юуны өмнө өлсгөлөнд сууж байгаа хүмүүсийг баталгаатай дулаан гэртэй болгох, улс төрийн суултанд байгаа хүмүүст эрүүл мэндийн туслалцаа үзүүлэхийг шаардаж байна.

Бидний шаардлага хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий  Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэрэг байгуулагуудад хамааралтай гэдгийг анхааруулж байна” гэжээ. Уг бичигт МОНФЕМНЕТ байгууллагын дэд ерөнхийлөгч Г.Уранцоож гарын үсэг зурсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж