Испанид талбайн эзэд илүүрхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Испанид талбайн эзэд илүүрхэж байна

Талбайн теннисний “Барселона Опен” тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд болж, шилдэг найман теннисчний нэр тодорчээ. ATP World Tour 500 ангилалд багтдаг тус тэмцээний аваргаар тодорвол 290 мянган еврогийн шагнал хүлээж байгаа юм.

Дэлхийн чансааны тэргүүн Испанийн Рафаэль Надаль Колумбын теннисчин Сантьяго Хиралдотой учраа таарчээ. Өмнөх шатанд өөрийн нутаг теннисчинд боломж өгөлгүй буулган авсан Надаль энэ удаад ч өрсөлдөгчдөө боломж олгосонгүй. Хэдийгээр эхний сетэд 3:3 харьцаатай Хиралдо тэнцүүхэн тоглосон ч 6-3; 6-1 харьцаатай Надалийн ялалтаар өндөрлөжээ. Тус тэмцээний таван удаагийн аварга ийнхүү шороон гадаргууд илүү гэдгээ харуулж, Барселонагийн нээлттэй тэмцээнд 28-1 гэсэн амжилттай болж байна. Дараагийн шатанд тэрбээр долоод эрэмблэгдсэн Гаел Монфилстэй учраа таарчээ. Монфилс Францын Ричард Гаскег 6-4; 7-6 харьцаатай буулган авч, шилдэг наймд үлдсэн байна. Монфилс Надалийн эсрэг долоон удаа тоглож, ердөө ганцхан удаа л илүү гарч байжээ. Өчигдөр мөн чансааны дөрөвт бичигдсэн зохион байгуулагч орны теннисчин Давид Феррер Румыны Виктор Ханескуг 6-3; 6-2 харьцаатай хожжээ. Ингэснээр Феррер дараагийн шатанд Юрген Мелцертэй тоглохоор болж байна. Мөн Николас Алмагро ОХУ-ын шилдэг теннисчдийн нэг Николай Давыденког 7-6; 6-3 харьцаатай хожиж, дэлхийн чансааны шилдэг 10-т багтах зорилгоо амжилттай биелүүллээ. Тэрбээр 5-2 харьцаатай хожигдож байсан ч цаашид амжилттай тоглон эхний сетийг өөрийн талд шийдсэн байна. Алмагро дараагийн шатанд нутаг нэгт Хуан Карлос Ферреротой учраа таарчээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж