Тархины хог-II буюу зуслангийн өнгө

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Тархины хог-II буюу зуслангийн өнгө

Хөхөөн дуу холдож, намрын уйтай борооны улирал иржээ. Өдөртөө бороогүй өнжихөө байж, уулын оройд үүл манан суусан харагдах нь гар хүрэм ойрхон. Гэвч Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд зусаж буй айлууд зуслангаасаа буух болоогүй байна. Хэтээсээ энэ жил зуншлага оройтсоныг хэлэх үү, наадмын өмнөхөн үеэс цаг агаар дулаахан байгаа болохоор хүмүүс зусландаа хоргодоостой. Өнөөдрөөс эхлэн зуслангийн айлуудын цахилгааныг түр хугацаагаар хязгаарлаж, айл болгоны яндангаас цэнхэр утаа суунаглаастай. Манай нутагт бол аргалын утаа хамар цоргиж байгаа даа гэсэн гунигтай бодол эрхгүй төрнө. Шадавлингийн зуслангийн ганцхан айлаас л аргалын утаа үнэртдэг нь хүүхдүүдийн авгайлсан “үхэртэй эмээ”-гийнх. Машины дугуй, хаягдал  хаймар сэлтийг түлээгүй нь яамай даа гэж сэтгэлээ хуурсаар хэсэг алхтал жалга дүүрэн хогны эхүүн муухай үнэр сэртхийлгэв. Ийм сайхан байгалийг ингэж ч бузарлах гэж дээ хэмээн өвгөн зохиолч үгээн баран өгүүлсэн нь санагдав. Өмнө нь хөнгөн хөлтэй, хурдан унаагаар хажуугаар нь өнгөрөхдөө ер анзаардаггүй байжээ. Уг нь зуны эхэн сард цэргүүд хот орчмын ногоон бүсийг цэмцийтэл цэвэрлэсэн. Хур хогтой газруудыг хүртэл цэвэрлэж, хэсэгтээ хоггүй сайхан өнжсөн сөн. Гэвч наадмын хэд хоногийн амралтын үеэс хур хог дахин бий болжээ.

Хүн байгаа газарт хог гарах нь мэдээж. Хот суурин газрынхны хэрэглээ өндөр, зан ааш цамааныг хэлэх үү бүр ч их хог тарих болжээ. Хотын багачуул хөөрүүлсэн сүү, гараар бүрсэн тарагнаас илүү чихэр амтлагчаар чимсэн иогурт, ундаа, чипсээр хооллох нь түгээмэл. Тэд бүгд сав, баглаа боодолтой. Дээхэн үедээ бол хүнсийг голчлон бор цаасанд боож, хэрэглээнээс гармагц нь ч галын түлээ болгочихдог байлаа. Харин одоо хуванцар голдуу савыг хаяхаас өөрөөр “устгах” боломжгүй. Нэг хүн өдөрт 300-400 грамм хог “үйлдвэрлээд” байхаар хот, хот орчмын зуслан хоггүй байх аргагүй. Гэхдээ тэр хогийг хаана хэрхэн хурааж, яаж ачуулах вэ гэдэгт л хамаг учир нь байгаа юм. Зуслан бүрт блокоор хашсан хогийн цэг бий. Гэтэл тэрхүү хогийн цэг рүү хэрэг болгон очиж хогоо хаях хүн тун цөөн. Унаа машинтай хэсэг нь ууттай хогоо хот руу  дөхүүлж хаядаг бол олонх нь хашаанаас цаадах нь хүнийх гэсэн хүйтэн сэтгэлээр хандана. Нүүхдээ хүртэл буурь бууцаа цэмцийтэд цэвэрлэдэг монгол жудаг зуслангийнханд лав алга. Хашаандаа мал оруулахыг хүртэл цээрлэх хэрнээ хашаанаасаа хэдхэн алхаад л өнгө өнгийн ууттай хогоо хээв нэг чулуудаж орхих хот газрын ганган хүүхнүүд, залуусын аягийг яалтай. Тэд өөрийнх нь араас урган цэцэглэж буй балчируудад ямархан үлгэр үзүүлж байгаагаа ухаарах ч янз алга.

Хотын ногоон бүс Салхитаар эхэлдэг байлаа. Харин одоо Салхитаас эхлээд Ар хуст, Шадавлин орчмыг зуслан гэхээс илүү гэр хороолол гэхээр болжээ. Цаашлаад Жигжид, Шарга морьт, Зуун модны аманд ч айлууд олноор шавааралдан бууснаас гадна айл болгоны хашаанд 00 барьснаас зуслангийн агаар ихээр бохирджээ. Бөөр бөөрөө нийлүүлэн татсан хашааны хаагуур нь тойрч, уулын бэл, голын эрэгт хүрэх нь ч мэдэгдэх юм алга. Энэ сараас эхлэн зуслангийн газар өмчлүүлэх  сургаар уулын хэц бэлийг хүчит техникээр түрэн суурьшиж эхэлжээ. Зарим нь айлын хашаанаас зам хүртэлх метр хэрийн газрыг ч алдалгүй хашиж харагдах бол нийтийн эзмшлийн зам талбайг хааж байгаад ч бол өөрийн гэсэн газартай болохыг эрмэлзэх болжээ. Тэр бүгдийг бодож болгоож, машин биш гэхэд явганаар гэртээ хүрчих хэмжээний зам зурвасыг гаргах ухаан газрын албаныханд бий гэдэгт  найднам. Эс тэгвээс айлын хашаа давсан хэргээр хөршүүд муудалцах нь энүүхэнд болох нь.

Уг нь зуслан гэдэг хүүхэд хөгшдийн хувьд жаргалын орон. Намраас хавар хүртэл дөрвөн хананы дунд хашигдсан хүүхдүүдийн хувьд шавайгаа ханатал тоглох боломж зусланд л бий. Хотын багачуул хөдөөнийхөн шиг үнээ тугаланд гүйж, хурга ишиг хариулахгүй болохоор нялхаасаа хөдөлгөөний дутагдалд орж, харааны гажиг үүсдэг ажээ. Их хотын хаана л бол хаана харааны шил зүүж, үнэтэй утсаар чамирхсан багачуудыг харж болно. Тэд хүүхдийн баяртай уралдан зусландаа гарч, намар хөрслөг бор царайтай ч нүд нь гэрэлтсээр хотоо зорьдог. Монголчууд байгальдаа ойрхон байх тусмаа хэрсүүжин ухааждагийг зуслангийн гурван сард харж болно. Зусланд гарсан хүүхдүүд ээж аавынхаа эзгүйд уулнаас гишүү түүж, гал түлж, ус зөөж сурна. Айл хөрш, саахалтынхаа багачуултайгаа хамтдаа уул руу авиран жимс самар түүж, ядарсан нэгэндээ туслан, нэг ёсны амьдралын ухаанд суралцдаг юм билээ. Зургаан сард ирэхдээ хөтөвчинд бие засч байсан зургаан настнууд намар буцахдаа хөтөвчнөөсөө ичдэг болоод буцах жишээтэй. Хөгшдийн хувьд ч хөхөөн дуу сонссон шиг цэвэр агаар цээж дүүрэн амьсгалах боломж зусланд л бий.

“Хорь гучин минут давхиад л унаган байгальд амардаг монголчуудад атаархлаа” гэх гадныхны үг үнэний ортой. Аль ч зуслан руу автобус хөлөглөн хүрэх боломжтой. Ялангуяа өдрийн цагт бол 500 төгрөг төлөөд таксинд суусан мэт давхиад л хүрнэ. Харин үдэш оройдоо автобусанд суух нь мөрөөдөл л юм даа. Үүнийг ч хувийн унаа машинтай хүмүүс болон микроныхон овжин ашиглана. Долоон буудлаас зуслан хүртэл нэг хүнээс 1500-2000 төгрөгөөр үйлчилнэ. Км-т  700-800 төгрөг төлөн таксидахаас хамаагүй хямд учир зуслангийнхан ч бушуухан багтаад суухыг л яаравчилна.

Өглөө бүр сэрээх сүүний наймаачдын дуудлага, зуслан орчмын хогийг эс тооцвол зуслан сайхан байна. Хогийг хүн л тарьж, хүн л цэвэрлэдэг болохоор “Тархин дахь хогноосоо ангижиръя” гэх уриагаа дахин нэг давтахад илүүдэх юун.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж