Зимбабвед ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Зимбабвед ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Алт, зэс, нүүрс, цагаан тугалга зэрэг байгалийн эрдэсийн чамгүй нөөцтэй Зимбабве улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэлжээ. Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өглөө 07:00 цагаас орой 19:00 цагийн хооронд үргэлжилсэн ба сонгуулийн хороо санал тоолох ажиллагааг таван өдрийн дотор дуусгаж, үр дүнг ард олонд мэдэгдэх аж.

Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд төрийн эрхийг 33 жил барьж буй одоогийн Ерөнхийлөгч 89 настай Роберт Мугабе өрсөлдөж байгаа гэнэ. Харин түүний эсрэг хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй Ерөнхий сайд 61 настай Морган Цвангирай мөн ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа аж. Ерөнхий сайд Морган Цвангирай нь үүнээс өмнө гурван ч удаа Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдал хүлээж байжээ. Түүнчлэн өөр гурван нэр дэвшигч Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа аж. Африк тивийн өмнөд хэсэгт орших Зимбабве улсад сонгуулийн насны 6.4 сая иргэн байгаа юм байна.

ВВС-д мэдээлснээр Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгууль элдэв үймээн, халдлагагүй тайван болж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж