Баяр наадамд зодоглож байгаа хүчит бөхчүүд маань “жудаг” заагаад эртхэн шиг хэн түрүүлж, үзүүрлэх, шинээр цол авахаа эртхэн зарлачихдаг баймаар санагдах юм. Учир нь, төрийн баяр наадамд зарим нэгэн бөх шинээр цол авах, цолоо ахиулах нь бараг л тодорхой байсан. Харин тэгш, түүхэн ойгоо тэмдэглэсэн аймгуудын наадам бол бүр ойлгомжтой байлаа. Энэ жилийн улсын баяр наадмаар шинээр цол авсан, ахиулсан тухайн аймгийн бөхчүүд аймгийнхаа ойгоор дээгүүр барилдлаа. Мөн тухайн аймгийн наадамд тэр аймгийн л бөх түрүүлнэ гэсэн бичигдээгүй хууль бөхчүүдэд үйлчилсэн гэхэд болно.
“Алтан гадас” одонт Хан Хэнтий уулсын аймаг байгуулагдсаны хэмээн сүржин эхэлсэн бөхийн барилдаанд энэ цаг үеийн шилдэг гэсэн бөхчүүд зодоглосон ч Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат, аймгийн арслан З.Наранбаатар түрүүлсэн. Мөн л нутгийн бөх. Түүнтэй үзүүр түрүүнд үлдсэн Говь-Алтай аймгийн харьяат улсын гарьд Н.Ганбаатар түүнтэй барилдалгүй тахимаа өгсөн. Тиймээс л хэн түрүүлэхийг нь эртхэн зарлачихдаг баймаар санагдаад байгаа юм. Яагаад гэхээр өнөө хэдэн нутгийн зөвлөл, ахан дүүс нь цолыг нь мялаах бандгар жип, цолны найранд хэрэглэх мөнгөө эртхэн шиг энэ тэндээс цуглуулж байвал дээр ч юм шиг.
Үүнээс гадна Төв аймгийн наадамд шинэ заан Б.Батмөнх /Төв аймгийн Баянхангай сумын харъяат/ түрүүлсэн бол Завханы наадамд ч гэсэн шинээр Улсын гарьд цол хүртсэн Б.Гончигдамба /Завхан аймгийн Их-Уул сумын харъяат/ түрүүлсэн. Архангайн наадамд ч гэсэн улсын заан Ч.Санжаадамба /Архангай аймгийн Хашаат сумын харьяат/ түрүүлсэнийг энд хэлэх хэрэгтэй.
Хүчит 256, 512 гээд тэр олон хүнийг хоёр гурван өдөр ноцолдуулж байхаар нэгэнт л дээгүүр барилдах, түрүүлж, үзүүрлэх цөөхөн хэдэн бөхчүүд нь барилдаж баймаар юм. Мөн ард түмэн, наадамчин олны хамгийн ариун нандин, ёс жудагтай хэмээн үздэг монгол бөхийн ногоон дэвжээ сүүлийн жилүүдэд боксын ринг шиг болсон. Үзэгчдийн нүдэнд ил, далдаар нэг нэгнээ шанаадах бол энүүхэнд болсон нь харамсал төрүүлэхээсээ илүүтэй эмгэнэлтэй санагдана.
“Ардын наадам” хэмээн хэдэн үеэрээ ярьж, ойлгож наадаж ирсэн монгол наадам сүүлийн жилүүдэд цөөхөн хэдэн хүний наадам, зугаа болсон гэхэд болно. Энэ бүхнийг дээр дооргүй л ярьдаг. Харин энэ ойлголт хурдан морины уралдаанд илүүтэй тод илэрдэг болсон. Учир нь, Улсын баяр наадам, Их Хурд, аймгийн наадмууд гээд энэ зун болсон долоон уралдаанд 50-70 хүний л морьд айраг түрүүг нь авсан. Мэдээж эдгээр хүмүүс бол Монголын толгой баячууд, бизнесмэнүүд. Тэд хурдан удмын шилмэл адууг өндөр үнээр худалдаж аваад тэр хэдэн мориороо буцаагаад хэдхэн наадмын байгаар тэр мөнгөө олоод авчихна.
“Их хурд-6” уралдаанд түрүүлсэн морьдыг Ланд-200 машинаар байлсан бол айргийн морьдын эздэд 10-30 сая төгрөг өгсөн. Харин тэгш ойгоо тэмдэглэсэн аймгуудын ойд түрүүлсэн морьдыг 15-20 сая төгрөгөөр байлсан сураг байна билээ. Харамсалтай нь хэдхэн баячуудын дансанд орж байгаа эдгээр их мөнгөнөөс хэд нь жинхэнэ уяач, унаач хоёрт нь очдогийг таах аргагүй.
Хэнтий аймгийн наадамд л гэхэд айрагдаж түрүүлсэн хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгсөн, Төв аймгийн наадамд уралдсан нэг хүүхдийн хамгаалалтын малгайг хөөсөнцрөөр хийсэн, барилгын хамгаалалтын малгай /каск/ өмсгөсөн тохиолдол гарсан нь гайхмаар. Тэд зөвхөн бусаддаа мөнгө төгрөгтэй, хурдан шилмэл морьтой гэдгээ гайхуулах гэхээс биш эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг хамгаалах талаар боддоггүй гэдэг нь эндээс харагдана.
Тун удахгүй ганц нэгхэн сум, хэн нэгний насны ой хурдхан шиг болоод манай улсын баяр наадам дуусна гэдэгт найдна.