
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, гишүүд “Эмч тухайн үйлчлүүлэгчдээ өвчнийх нь оношид тохирсон эмийн жор бичиж өгч чадаж байна уу” гэдгийг түлхүү лавлаж асууж байна. Эрүүл мэндийн сайдын тайлбараар бол иргэд эмчид үзүүлэлгүйгээр эмийн санд очиж, антибиотик худалдан авч хэрэглэдэг. Зарим тохиолдолд эмчид хандсан ч “Надад ийм нэртэй эм тохирдог. Үүнийг бичээд өг” гээд шууд эмчээ захираад эмийн жор бичүүлчихдэг. Цаг зав муутай байдгаас болдог уу, эмчид үзүүлэлгүй, эмийн санчтай зөвлөж байгаад өөрсдийн дураар иргэд эм аваад уучихдаг гээд олон жишээ байгааг хэллээ. Гэхдээ эмч нарын хувьд сүүлийн жилүүдэд антибиотик бичихээс аль болох татгалзах болсон. Харамсалтай нь, иргэд өөрсдийн дураар эмийн сангаас антибиотик авч хэрэглээд байгаа тул, эмийн зохистой хэрэглээг иргэдэд ойлгуулах шаардлага байгааг онцоллоо.
Харин дээрх хуулийн хүрээнд зохицуулах гэж оролдож байгаа асуудал бол сэтгэцэд нөлөөлж болзошгүй эм, хорт хавдраар өвдсөн хүмүүсийг эмчлэхэд зориулсан эм, тариаг худалдаалах эмийн сангуудыг сум бүрт нэг, дүүрэг бүрт дөрвөөс доошгүй байхаар тусгаж өгчээ. Энэ нь цаагуураа сэтгэцэд нөлөөлж болзошгүй эм, хорт хавдрыг эмчлэх эм, тариа гадуур хуурамчаар худалдаалагдаж байгааг хязгаарлах, хэрэгцээтэй хүмүүст нь эмчийн заавраар, зохих эмийн сангуудаар хараа хяналттай худалдаалдаг болгох тогтолцоонд шилжүүлэхийг оролдож буй юм байна.
Г.Дарь