Манай ангийнхан буюу Цагаанчулуутынхан

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Манай ангийнхан буюу Цагаанчулуутынхан

Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн насны дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Машины
радиогоор эгшиглэх “Харанга”-ын Лхагваагийн дуу далдхан сэтгэлийн минь
гүнд орших гэнэхэн дурсамжийг сэдрээв. Яг одоо нутагт минь дэлхий
дэлэгнэсэн зун болж байгаа, дэнж хотойлгон наадаж байгаа даа.

Тэртээх 
мянган километрын цаана миний төрсөн нутагт Цагаанчулуут минь бий. Тэнд
миний эцгийн гэрийн буйр, ээжийн сүүний үнэр, энхэр бага насны минь
дурсамж шингэсэн. Тэнд би мэндэлж, тэнд би хөлд орж, тэнд “а” үсэг
заалгаж, тэнд би анхны хайртайгаа учирсан. Тэндээс миний ажил амьдралын
гараа ч эхэлсэн.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын найман жилийн
дунд сургууль байгуулагдсаны 60 жилийн ой нар, хур тэгширсэн энэ л
өдрүүдэд тохиож байна. Энэ сургуулийг төгсч, энэ л сургуулиас ажил
амьдралын гараагаа эхэлсэн мянга, мянган төгсөгчийн баяр болж байгаа юм.
Манай анги тус сургуулийг төгссөн 17 дугаар төгсөлтийнхөн. Найман
жилийн турш “б” бүлгээр овоглож ирсэн бид 21-үүлээ байлаа. Бага ангийн
багшийг Ц.Дагийсүрэн гэдэг, одоо ч бидний бахархал болсон эмэгтэй бий.
Харин дунд ангид ороод Базарпүрэв, Өлзийбаяр, Мөнхбадрах гэсэн гурван 
багшийн нүүрийг үзсэн.

Ангийн даргыг Б.Биндэръя гэдэг хачин гоё
дуулдаг, гитар тоглоно гэж ёстой уйлуулдаг хөвгүүн байв. Зураг зурна,
шүлэг бичнэ, сагс тоглоно гээд манай ангидаа л лидер нь. Харин бүлгийн
дарга У.Түмэнжаргал ангийн ганц “сарнай”. Тоонд дуртай, толгой сайтай
сурагч олон байсан. Д.Оюунтуяа, Ж.Нарангэрэл, н.Наранцацрал, н.Норжмаа
гээд л. Заримынх нь овгийг одоо мартчихаж дээ. Бид голдуу гутал нууж
тоглоно. Хичээлээс тараад гудамжны өнцөг дээр гутал нууж тоглосоор
байгаад оройтож, аав ээждээ загнуулах энүүхэнд. Бидний үед PC энэ тэр
байсан биш, завсарлагаанаар охид нь чарта эсвэл дээс тоглож, хөвгүүд
тэвэг өшиглөнө.  Гурвын завсарлагаагаар дунд ангийнхан бүгдээрээ
коридортоо гараад дуулдаг байв. Манай ангид солгой хоолойтнууд надаас
аваад цөөнгүй. Дээрээс нь дээд доод ангийнхнаасаа ичээд хоолой бүр ч
гарахгүй, таг. Тийм болохоор ангийнхаа ганц дуучин Цэцэгмаагаа л урдаа
барьчихна. Цэцэгмаа маань мөн ч олон удаа биднийг аварсан даа. Нэг удаа
хяналтын ажил болж Мөнхжаргал маань багагүй хөглөж, маргааш нь бид
Жавзан багшид “алуулж” билээ. Нөхөр яасан бэ гэвэл хяналтын ажилд ирсэн
зөгийний тухай асуултад “ажилчин зөгий алчуураар толгойгоо бооно, хаан
зөгий хавирга мөлжинө” гээд тоглоом, шоглоомоор бичээд явуулчихаж.
Маргааш нь багш бөөн уур мань хүнээс болж бид ч багагүй шанг нь хүртсэн.
Батмөнх бас их сахилгагүй хөвгүүн байсан, ширээн доогуур орж охидын
хөлийг хатгана, гутлыг нь сугална, хажуудах охиноо өдөж уйлуулна, үс
гэзэгнээс нь чангаана. Түүний хажууд Өрнөхбилэг гэж адтай охин суудаг
байв. Ямар сайндаа л араас нь татаж чангаагаад байсан Эрдэнэшугарыг
ухаан алдтал нь элэгдчихэж билээ. Мань хүний онигоо бол манай ангиар
дүүрэн. Нэг удаа хөдөлмөрийн багш гэрийн даалгаварт заагуур мод хийхийг
“үүрэгдэв”. Маргааш хөдөлмөрийн багш маань гэрийн даалгавраа шалгалаа.
Би ч яахав, аавынхаа хийж, будаж өгсөн эрээн заагуурыг багшдаа аваачиж
өгөөд онц авлаа. Өөеө маань ангийнхаа цөөнгүй охидын өмнөөс заагуур хийж
өгнө гээд амалчихсан, багшийг дуудангуут нөгөөх чинь заагуур моднуудаа
авчрахаар гэр рүүгээ гүйлээ. Тун ч удалгүй Өөеө бөөн нарийнхан мөчир
барьчихсан ангид ороод ирсэн л юм даа. Одоо тэр ангийн маань
Отгонбаатартай суугаад хөнжлөөрөө дүүрэн хөөрхөн хүүхдүүдтэй болсон.

Л.Мөнхтуяа
айхтар шооч охин. Хөвгүүдийг ч охидуудыг ч шоолохдоо гарамгай. Түүнийг
том нүдтэй болохоор нь тугал гэж хочилдог байсан юм, бид. Бидний дунд
хочгүй хүн байгаагүй, ямар сайндаа бүх багш нарын хурлаар орж,
донгодуулах вэ дээ. Гахай, нохой, тугал, төмс,хамар, муур, тэмээ, өвгөн
эмгэн гээд хочгүй хүн байгаагүй ээ. Зургадугаар ангид байхад ч билүү
дээ,нөгөөх чинь намайг гэнэт дэгээдээд унагачихдаг юм байна. Би уйлаад
л, үснийхээ лентийг аваад толгойгоо хэмжиж үзээд сүр будруулж байсныг
мань хүн одоо нүдэнд харагдтал хуучилдаг юм. Ангийнхаа охидуудаас бид
хоёр гэж биеийн тамирт дургүй хүн байсангүй. Долдугаар ангид орсон
намрын нэг сайхан налгар өдөр нөгөө ангийнхантай уулын оргил булаацалдаж
уралдахаар болов. Нэг харсан миний ард хүн байдаггүй. Мөнхтуяа урдхан
гүйж байхаар нь нөгөөхөө дуудлаа. Хоёулаа гражны араар орчихьё багш
мэдэхгүй, нөгөө ангийн охин хамгийн сүүлд орно биз гээд нуугдаад
үлдчихэв. Мянган морь уралдуулсан биш дээ, багш хэн байхгүй, байгааг
мэдчихгүй хаачихав. Түүнээс болж ангийн багшаасаа бас л банга
авахуулсан. Ганчимэг гэж өндөр нуруутай охин байсан. Айлын том болохоор
их цэвэрч, ажилласаг охин байсан юм. Харин Сүхбаатар их даруухан,
охиддоо зодуулчихаад уйлаад сууж байдаг хөвгүүн байв. Ёстой л хатуудаа
хатуу, зөөлөндөө зөөлөн хорвоо хойно доо, хөөрхий Сүхээ маань хуримаа
хийгээд гурав ч хонолгүй авто ослоор өнгөрсөн мэдээ нэг хэсэгтээ л манай
ангийнхны элгийг харлуулсан юм даг.

Б.Алтансүх бид хоёр нэг
ширээнд суудаг байлаа. Тэр томоос том нэлээд хуучирсан шар цүнх барина.
Ханан талд суух гэж яагаад юм бид хоёр “үзэлцэнэ”. Нөгөөх чинь том шар
цүнхээ бариад л дайрдаг байсан. Намхан нуруутай, навтгар хамартай эр хүн
гэсэндээ тэр маань дийлдэг байсан. Цэцэрлэгт байхаасаа эхэлсэн бид
хоёрын хар багын нөхөрлөл одоо ч хэвээрээ. Миний хамгийн дотны найзтай
гэрлээд, хоёр хүүтэйгээ дөрвүүлээ сайхан амьдарч байгаа. Манай
төгсөлтийнхөн хоорондоо их дотно, тиймдээ ч хоёр гурван хос төрсөн.
Ангийнхныхаа тухай, хүүхэд насныхаа томоогүй дурсамжаас дурсахад нэг
иймэрхүү. Одоо тэд маань нутагтаа цуглараад хүүхэд насныхаа дурсамжаар
аялж суугаа байхдаа. 

Төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойн баярын
мэндийг үе үеийн багш нартаа, мянган мянган төгсөгчиддөө, хар бага насны
минь тэнгэрлиг андууд болох ангийнхандаа хүргэж байна. Та бүхний минь
ажил үйлс өөдрөг, аз жаргалаар бялхаж явах болтугай.

Цэнгэлтэй үедээ хамт доргин дэрвэцгээж
Гуньсан цагтаа нэгэндээ зориг нэмдэгсэн
Өөрөө хийгээгүй ч гэм бурууг нь буруудан хүлээцгээж
Өрөөл бусдаас нэгнээ хамгаалж өмөөрөн зогсдогсон
Миний найзууд наддаа юугаар ч сольшгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа

Ж.НЯМСҮРЭН
/2013.07.31/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж