
Засгийн газраас 2016 он гэхэд улсын хэмжээнд “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан бол нийслэлийн хувьд таван байршилд “Ахмадын орон сууц” барихаар төлөвлөсөн. НИТХ-ын хуралдаанаар анх 4000 айлын ахмадын орон сууц барих тухай хөндсөн ч тоо заах нь чухал бус, хэрэгцээ их бий хэмээн үзэж, ямар ч байсан жил бүр ашиглалтад орох орон сууцны 85 хувийг өндөр настанд олгох эцсийн шийдэлд хүрсэн юм. Эхний ээлжийн орон сууц энэ ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 хороонд баригдаж байгаа аж. Уг орон сууцанд нийт 300 айлыг “шингээнэ”. Тодруулж хэлбэл, 300 айлын орон сууцны 85 хувьд нь ахмадууд, үлдсэн 15 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гачигдалтай иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдийг хамруулахаар журамд заагаад байна. Орон сууцанд хамрагдсан нөхцөлд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдарна. Ийм боломж тэр дундаа ахмад настанд олдож байсан нь үгүй, ялангуяа зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд. Гэвч энэхүү боломжийг аргатай зальтай нь ашиглаад, үнэхээр орон сууцны хэрэгцээтэй хэсгүүдэд хүрэхгүй хоосон үлдэхвий гэх болгоомжлолд хүргээд байна.
Журамд зааснаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг улсаас орон сууц авч байгаагүй, Улаанбаатар хотын харьяат, сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан, өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой хэмээжээ. Үүгээр бол улсаас орон сууцны дэмжлэг авч байгаагүй л бол бүгд хамрагдахаар хотын захирагчийн ажлын албаны гадаа дугаарлаж мэдэх нь.
Зөвхөн ахмадууд хөтөлбөрт дугаарлаад зогсохгүй залуучууд нь хүртэл зүтгэж байгаад ээж, аавынхаа нэрээр түрээсийн орон сууцанд зайдагнаад суух боломжийг эрэлхийлж эхэллээ. “Хотын захирагчийн ажлын албанд танил байна уу. Ээжийгээ “Ахмадын орон сууцанд” хамруулчихъя” гэх залуу ч таарч байна. Хүний үр болсон хойно ингэж бодохыг буруутгах аргагүй ч түүний ээжээс илүү төрийн халамж шаардлагатай ахмад настан олон байгааг анзаарах сөхөө алга. Ганц жишээ татахад, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд н.Базаррагчаа гэгч 70 гаруй насны ахмад 100 хол давсан бие тааруу ээжийгээ асран хамаатныхаа хашаанд дөрвөн ханатай гэрт амьдарч байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Базаррагчаа гуай орон сууцанд амьдрах хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг эрх мэдэлтэй хүн бүрт хүргэсэн авч нааштай хариу авч чадалгүй өдийг хүргэсэн. Холынх нь хамаатнаас өөр түшээд явах хүн үгүй энэ буурайд хөдөөний хамаатных нь охин ЭМШУИС-д суралцах хугацаандаа бараа болж тусалж дэмжиж ирсэн ч өнгөрсөн хавар төгсөөд нутаг руугаа явсан учраас одоо ус, түлээгээ бэлтгэхээс эхлээд угаалга цэвэрлэгээ зэрэг бүхий л ажил нь нуруун дээр нь буух болсон тухайгаа хуучилж сууна. Түрээсийн байранд орчихвол ус, түлээтэй ноцолдох ажилгүй болж ээжийгээ асраад санаа амар суухсан. Ийм л хүмүүсээ Монголын төр харж, энэхүү түрээсийн орон сууцандаа хамгийн тэргүүнд хамруулаасай гэж хүсэх байна. Түүнээс харж хандаад явах үр хүүхэдтэй, боломжийн амьдралтай ахмадууд бол яах вэ, хүлээгээд байж болно. Харин манайд хэн сүйхээтэй овжин заль гаргана, тэр нийгмийн хамгийн том дэмжлэг туслалцааг хүртэж ирсэн болохоор Базаррагчаа гуай шиг хүмүүс хойно нь үлдээд гомдол тээн нулимстай хоцрох вий гэсэндээ ахмадуудаас ирсэн орон сууцны өргөдөлд няхуур хандаж дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй хүмүүст хүргэхийг дахин гуйя.
Тэгж байж, “Ахмадын орон сууц” хөтөлбөр жинхэнэ хүртэх ёстой эзэндээ хүрч зорилгоо тодорхойлно.