Дифлимпд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Дифлимпд оролцож байна

Болгарын Софи хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 04-ны хооронд зуны ХXII дахь Дифлимп болж байна. Deaf Olymp буюу Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпд Монгол улсыг төлөөлж 32 тамирчин, дасгалжуулагч, албаны хүний хамт оролцож буй.

Спортын 20 төрлөөр болж буй тус наадамд манай тамирчид жүдо, чөлөөт, сонгомол бөх, хөнгөнатлетик, буудлага болон ширээний теннисний төрлүүдэд оролцож байна.

Буудлагын дасгалд өрсөлдсөн манай тамирчдаас Э.Мөнх-Эрдэнэ 7-р байрт шалгарсан нь одоогоор манайханы хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна. Урт бууны 50 метрт Ж.Нямсүрэн 12-р байр, гар бууны 10 метрт Ц.Пүрэвдоо 12-р байр эзэлсэн байна.

Сонголмол бөхийн барилдаан өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай дөрвөн бөх дэвжээнд гарна. Манайханы гол найдвар жүдо болон чөлөөт бөхийн төрлүүд наймдугаар сараас 1-нээс эхэлнэ.



Сануулахад,
“Чимээгүй олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимп 1924 оноос, өвлийн олимп нь 1949 оноос эхэлсэн түүхтэй. Дифлимпд манай тамирчид 1997 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд оролцох бүрдээ медаль хүртэж байжээ. Тодруулбал, 1997 он, 2001 онуудад чөлөөт бөхөөр Б.Отгонбаяр хошой хүрэл медаль,  2001 онд Ганбат мөнгөн медаль, 2001 он, 2005 онуудад Ш.Батбаатар тус тус хүрэл медаль хүртжээ.

Харин 2009 онд Тайваньд болсон олимпод манай 16 тамирчин байт харваа, сонгомол бөх, чөлөөт бөх, жүдогийн төрлөөр хүч сорьсноос жүдогийн 81 кг-д Д.Очбадрал алтан медаль хүртэж, Дифлимпийн анхны олимпийн аваргыг эх орондоо авчирсан. Мөн энэ наадмаас жүдогийн 73 кг-д Б.Мөнх-Оргил, 60 кг-д Б.Наваанжамц нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Болгарт болж буй ХXII наадмаас манай тамирчид өмнөх дифлимпийн медалийн буухиаг таслаагүй бөхийн төрлүүддээ илүү найдаж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж