
Уг нь бол замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар тэр дүрмийг баримтлах ёстой юм шиг байгаа юм. Зарим учир мэдэх хүмүүс тэгж ярьж байна билээ.
Гэтэл манай жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг баримтлах гэдгийг халуунд усанд гараа дүрэхтэй адил боддог нөхдүүд. Зүгээр л урдаа яваа машиныг мөргөхгүй, хажуудаа байгаагаа шүргэхгүй, араасаа мөргүүлэхгүй байхад л болно. Өөр ямар дүрэм байдгийг мэдэх ч шаардлагагүй гэж байгаа. З арим хүмүүс гэрлэн дохиогоо ялгаад л явчихвал болно гэдэг гэж байгаа.
Хэрвээ эгнээний хамгийн урд зогсч байвал арын машин дуут дохио өгвөл явна гэж байгаа. Харин ард нь зогсч байвал өмнөх машинууд явахаар нь дагачихвал тэгээд л болно гэж ярьдаг юм билээ. Үнэндээ жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг иймэрхүү маягтай мөрдөж байна. За тэгээд манай улсын замын хөдөлгөөний дүрэм ч гэж дээ. Оросоос орчуулаад тавьчихсан болохоор нил алдаа байдаг гэдгийг бараг л зохисон хүмүүс нь хэлдэг юм билээ. Тэгэхээр жолооч нар яаж ч мөрдөх билээ дээ.
Уг нь замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч гарцан дээр ямар ч тохиолдолд давуу эрхтэй байдаг. Хэрвээ зохицуулдаггүй гарцаар явган зорчигч гарч байвал жолооч хурдаа хасч, зогсч өнгөрөөх ёстой. Ерөөсөө гарц дөхөхөд л жолооч хурдаа хасах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр бүх жолооч гарцаар явган хүн гарч явахад хурдаа нэмдэг. Б үр гарцан дээр хүн дайрч бэртээсэн, амь насыг нь хохироосон хэрэг ч гарч л байгаа. Түр зогсохыг хориглосон газарт аваараа асаачихаад түр зогсч байгаа машин дүүрэн л байна. Улаанбаатар хотын бүх замын нэгдүгээр эгнээ зогсоол болж хувирсан.
Микро автобус, таксинд явж байгаа хүмүүст замын хөдөлгөөний дүрэм гэдэг нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичигнээс дор болсон. Үндсэндээ замын хөдөлгөөний дүрэм гэдэг жолооны курст сууж, улсын шалгалт өгөх хүмүүст зориулагдсан юм биш үү. Ер нь жолооны курс төгсч байгаа хүмүүсийг замын хөдөлгөөний дүрмийг яс махандаа шингээсэн эсэхийг шалгадаггүй. Ихэнх нь автоматаар цээжлээд, улсын шалгалтад хоёроос бага алдаад л гарахыг боддог. Тэгээд тэнцсэний дараа уулзвар нэвтрэх журам, замын тэмдэг, тэмдэглэгээ, үүрэг гээд бүх зүйлээ мартаж байгаа юм. Яах вэ дээ, замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гээд хүлээлгэх хариуцлага гэж байх биш.
Зарим нэг дүрмээ баримтлах гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нь бүх нийтээрээ үзэн ядах нь холгүй болчихсон. Хэрвээ дүрэм баримталж явна гэвэл гэртээ харихгүй дээрээ тулна. Т иймээс бусадтай адилхан дүрмээ зөрчөөд, хааяа нэг замын цагдаад хөрөнгө оруулалт хийж, 5-10 мянган төгрөг тушаачихаад, явган хүний гарцаар хүн гарч байвал хурдаа нэмээд л давхиад байхаас өөр аргагүй. Ийм замын хөдөлгөөний дүрэмтэй байснаас байгаагүй нь дээр. Хэн ч хэрэгжүүлдэггүй тэмдэг, тэмдэглэгээгээр ч яах юм.
Жолооны курст ч гэсэн дүрэм энэ тэр гэж заагаад цаг барж яадаг юм. Машин хөдөлгөж чаддаг болсон хүнд бусдын машиныг мөргөчихөлгүй яваарай гэж захиад л жолооны үнэмлэх гардуулчихвал барав зүгээр. Өөр олон долоон юм зааж, шалгалт шүүлэг авч, хиймлээр цээжилсэн дүрмийн мэдлэгийг тестээр шалгаад ч яадаг юм. Харин ойрноос уулзвар бүр дээр камер суулгаж, дүрэм зөрчсөн жолоочийг торгох юм гэсэн.
Торгуулийг нь цахим хаягаар нь явуулна гээд байгаа бас. Түр зогсохыг хориглоно тэмдгээ ялгахгүй энэ жолоочийн хэд нь цахим хаягтай байх юм бол доо, хөөрхий.
