-Та өөрийгөө загварын чиглэлээр ажиллах ёстой гэдгээ хэзээ, хэрхэн мэдэрсэн бэ?
-Аав маань их авъяаслаг зохион бүтээгч, эрэгтэй хувцас бүтээдэг хүн байсан. Магадгүй багаасаа тийм хүний дэргэд байсан нь нөлөөлсөн байх. Гэхдээ яг намайг оюутан байхад дотоод ертөнц маань “…чи загвар зохион бүтээгч бол” гэж хэлсэн. Яагаад гэдгийг нь харин надад огт тайлбарлаж өгөөгүй. Яг энэ санаа 1978 онд, Лондон хотод төрж байлаа. Цэл залуухан надад Лондонгийн панк урсгал, эвдэрч нурсан барилгууд, сэтгэлд дарамттай ч юм шиг мөртлөө дэндүү уран бүтээлч уур амьсгал нь ихэд таалагдаж, тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх аа. Тэгээд Миланд ирээд удалгүй загварын сургуульд орохоор болсон. Тэр үе бол одооноос тэс өөр, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг хүн цөөхөн, тэр хүмүүс өөрийн гэсэн хосгүй бүтээл туурвин гаргаж байсан. Харин 1980-аад оны сүүл, 1990 оны эхээс эхлэн энэ чиглэлээр олон хүн сурч, ажиллаж, их зүйл өөрчлөгдөж, бүх л юмыг бөөнөөр үйлдвэрлээд л, бөөнөөр зараад л, бөөнөөр нь сургаад л, бүх юм бөөний болчихсон. Энэ бүхэн надад заримдаа хэмжээнээсээ хэтэрсэн юм шиг, энэ олон юмнаас сонгох ч юм байхгүй болсон мэт санагддаг. Загвар зохион бүтээгч болж байгаа хүмүүс зорилготой байх хэрэгтэй. Би энэ ажлаа төгс төгөлдөр зорилготой эхэлж байсан. Тэгээд олон ч жил ажиллаж, их ч зүйл хийж байна. Олон бэрхшээлтэй учирсан ч, маш их таашаал авсан жилүүд байсан даа. Би энэ талаараа ном бичиж магадгүй л юм. /Инээв./
-Их сонирхолтой ном болох байх аа. Та хамтран ажиллаж байсан алдартай хүмүүсээсээ дурдана уу?
-1980-1990-ээд оны эхэн үе хүртэл италийн алдартай жүжигчин Моника Белучитай хамтран ажиллаж байсан. Белучи миний загварын хувцаснуудыг өмсөн алдартай, томоохон сэтгүүлүүд дээр олон удаа гарч байлаа. Мөн Германы Брижит Бардо гэж нэрлэгддэг Клаудиа Шиффэр миний загварын усны хувцсыг өмсөн ELLE FRANCE 92’ дээр гарснаар түүний нэр хүнд оргилдоо хүрч байсан. Мөн Jimmy Scott, Nina Simone зэрэг олон гайхамшигтай хүмүүстэй хамтран ажиллах хувь тохиол надад таарч байлаа.
-Та хамтран ажиллах хүмүүсээ ямар шалгуураар сонгодог вэ? Жишээ нь, “Говь” компанийг яагаад сонгон ажилласан бэ?
-Би маш олон үйлдвэрийг мэднэ. Харин өнгөрсөн онд “Говь” үйлдвэртэй танилцахад энд уран бүтээлийн хувьд ч, байгууллагын хувьд ч асар их өсөн дээдлэх боломж байгаа нь харагдсан. Харин энд шинэлэг санаанууд их байгаа болохоор энэ ажил миний сэтгэлийг ихээр татаж байгаа юм. Миний хувьд хамтран ажиллахад хамгийн том шалгуур бол бие биенээ харилцан ойлгох, мэдрэх асуудал. Ялангуяа бүтээл, туурвилын ажилд хүний мэдрэмж, сэтгэлгээ чухал үүрэгтэй, хэрэв тэр байхгүй бол хамтран ажиллах ямар ч боломжгүй. Энэ л бидний амжилтын гол хүчин зүйл болдог.
-Одоо Говь компанитай хамтран хийж байгаа төслийн тань гол онцлог юу вэ?
-Би Монголд өнгөрсөн жилийн зун ирээд “13 дугаар зуун” гэдэг газар очиж үзэхэд байгалийн гоо үзэсгэлэн, хүчтэй салхи миний сэтгэлийг асар их хөдөлгөсөн. Мөн хөдөө нутгийн аниргүй, дүнсгэр байдал надад таалагдсан. Тэгээд л Монголтой холбоотой маш сонин коллекци гаргах хүсэл төрсөн. Гэхдээ би дандаа л барууны хэвлэл мэдээллээр гардаг шиг хонь, ямаа, үндэсний хувцас өмссөн хөдөөний хүмүүс, гэртэй холбож ажлаа хиймээргүй байна. Ноолуурын загварын ертөнцөд миний өрсөлдөгч болох Лоро Пиана зэрэг хүмүүс иймэрхүү дүр төрхийг их ашигладаг л даа. Харин би үндэсний уламжлалыг орчин үеийн урсгалтай холбож өгье гэж бодсон юм. Энэ бол миний гол санаа. Цэнхэр тэнгэр, байгалийн гоо үзэсгэлэн, хүчтэй салхийг орчин үеийн урсгалаар илэрхийлж, байгалийн элементүүдийг ноолууран дээр хэвлэн буулгаж өгөхийг л хүсээд байгаа хэрэг.
-Gobi Factory Store-д нээгдэх дэлгүүрийнхээ тухай ярина уу. Та тэр дэлгүүрээр ороод гарсан хүмүүсийг яг юу мэдрээсэй гэж хүсч байна вэ?
-Ер нь миний хувцсыг хүний бүтээлийг ойлгож, хүндэлж чаддаг хүмүүс үнэ цэнэд нь тохирсон үнээр худалдан аваасай гэж би боддог. Хэрэв ойлгохгүй бол хятад руу очоод авах юм дүүрэн л байна шүү дээ. Дээр үед fast food гээд л гарч ирсэн дээ, түүн шиг одоо fast fashion гэж юм гарч ирсэн. Хүмүүс иймэрхүү брэндийн хувцаснуудыг л өмсдөг болж. Яах вэ, эдгээр брэндүүдэд авьяастай хүмүүс ажилладаг л даа. Гэхдээ миний үйлчлүүлэгчид бол өөр хүмүүс байдаг болохоор би иймэрхүү газарт ажилладаггүй. Учир нь fast fashion, жинхэнэ урлагийн бүтээл болох загвар хоёрын хооронд чанар, хэрэглэж байгаа материал, хийц, оёдол, машин гээд л маш их ялгаа байдаг. Харин би урт удаан хугацаанд үнэ цэнээ хадгалах бүтээл туурвихыг хичээдэг.
Энэ дэлгүүр бол бидний шинэ бүтээлийг хүмүүст хүргэх анхны чимээ, дохио болж байгаа юм., Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, гайхашруулах бүтээлийн талаар ойлголт өгөх эхлэл болно. Бид энэ оны намар “Говь” компанийн 30 жилийг тохиолдуулан маш том фэшн шоу хийхээр төлөвлөж байгаа. Одоохондоо моделио шалгаруулж, өнгөний сонголт дээр ажиллаж байна. Санаагаа бүрэн боловсруулж, бүх юмаа эцсийн байдлаар бэлтгээгүй байгаа боловч тэсрэлт хийнэ гэдгээ л хэлмээр байна даа.
-Таны бүтээлүүдийн гол трейд марк, бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Нэхмэл эдлэлийн салбартаа бид хангалттай туршлагатай, бидний ажилд олон элемент нөлөөлж байдаг л даа. Шинэ дизайн гаргах үедээ орчин үеийн чиг хандлага, улс үндэстнүүдийн соёлыг судалж, бүтээл, туурвилдаа хэрхэн тусгах, шингээх судалгааг үргэлж хийдэг. Хэрэглэгчээ таниагүй бол тэдэнд зориулж юу ч хийж чадахгүй шүү дээ. Маш их стресс, дарамт, эдийн засгийн хямрал хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Манай оронд л гэхэд өмнө нь хүмүүс юу өмсөх вэ гэдэгтээ маш их цаг зав, мөнгө зарцуулдаг байсан бол одоо бид үүнээс уйдаж бас залхаж байна.
Дэлхий дээр олон янзын хэрэглэгчид байна. Бидний хувьд хувцас загварын асар олон жилийн түүхтэй болохоор шинэ загварын хойноос үхэн хатан хөөцөлдөх өлсгөлөнд ороогүй, загварын золиос бологч ихэнх хүмүүсийн адил байхыг хүсдэггүй. Бүтээгдэхүүний чанар, үйлчилгээнд тавих хэрэглэгчдийн шаардлага ихээхэн өсч байгаа хэдий ч эдгээр асуудлыг уран бүтээлч сэтгэлгээтэй холбох нь сүүлийн үед нэлээд доголдож, бас жинхэнэ уран бүтээлч хүмүүс ховордож байна. Тухайн салбартаа хүн багаар бодоход 10 жил ажиллаж байж мэргэжлийн болдог. Би залуу хүн биш, миний ажилчид ч залуу биш, гэхдээ бид мэргэжлийн хүмүүс. Мэргэжлийн түвшиндээ л ярьдаг уран бүтээлчид. Ганцхан загвар ч биш, урлагийн олон салбарт туршлагатай, авъяастай хүмүүстэй ажиллаж байна. Энэ бол миний бүтээлийн гол үнэ цэнэ юм.
Сүүлийн үед загварын ертөнцөд “ёс зүйтэй фэшн”, “хандивын фэшн” гэх мэт өөр нэр томъёо шинээр гарч ирж байна. Бид энэрэнгүй үйлсэд зориулан загварын шоунууд зохион байгуулдаг болсон. Харин ёс зүйн талаас бол хүүхдийн хөдөлмөрийг ашиглахгүй, муу материал хэрэглэхгүй, хятадууд шиг хэт хямд үнээр зарж, бусдын зах зээлийг эзлэхгүй гэх мэт асуудлууд бий. Энэ бол уг нь хүн бүрт л хэрэгтэй асуудал.
-Та өөрийн хамгийн таалагддаг бүтээлээ онцлон дурдана уу?
-Би хоёр жилийн өмнө Bianco гэдэг нэртэй коллекци бүтээж байсан юм. Энэ бүтээлээрээ хоёр жилийн туршид дэлхийн том хотуудад fashion show зохион байгуулж танилцуулсан. Бас мулти видео хийсэн. Ер нь мулти медиа төслүүдэд би их дуртай. Энэ төслийн бүтэх явц хүнд хэцүү, урт удаан байсан. Би стилийн хольцгүй цэвэр байдлыг цагаан, хар өнгөөр харуулахыг зорьсон юм. Маш сайхан бүтээл болсон.
-“Говь”-той хамтран бүтээж буй коллекцийнхоо санааг та байгалиас, тэр дундаа хад чулуунаас авсан гэсэн. Монголоос өөр газар яг ийм мэдрэмжийг хэзээ нэгэн цагт авч байсан уу?
-Үгүй. Үүнийг зөвхөн Монголд л мэдэрсэн. Энэ бол Монгол орон. Тийм ч учраас би хүн бүрийн өмнө нь харж байсан тэр өнцгөөр Монголыг харуулмааргүй байгаа юм. Би хүмүүсийг гайхашруулж, “Хөөх, энэ монгол юм уу?” гэж уулга алдмаар тийм зүйлийг л харуулмаар байна.