
Цаг агаар дулаарч хаврын хуурайшилтын улирал эхэлж ой, хээрийн түймэр гарах магадлал өндөр болж байгаатай холбогдуулан мэргэжлийн болон орон нутгийн удирдлагуудад Улсын Онцгой комисс, Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газраас албан даалгавар хүргүүлсэн. Энэ хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Цагдаагийн хэлтэс, байгаль хамгаалагч нар хамтран “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх” нэгдсэн сургуулилтыг Гүнтийн амны Аранзатын даваа хэмээх газар зохион байгууллаа. Энэ үеэр ойд гал түймэр гарсан тохиолдолд морин эргүүл, байгаль хамгаалагч нар зарлан мэдээлэл хэрхэн дамжуулах, гал түймрийг гарын доорхи материалаа ашиглан хэрхэн шуурхай, цаг алдалгүй унтраах талаар сургуулилт хийлээ. Уг сургалтанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад А.Дамцагдорж, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн захирагч, дээд ахмад Ч.Цогтбаяр, тус ангийн гал сөнөөгчид, байгаль хамгаалагч, морьт эргүүл, цагдаа, улаан загалмайн ажилчид зэрэг 70 гаруй хүн оролцож, гал түймэр гарсан үед хэрхэн хамтран ажиллах талаар хамтран дадлага сургууль хийв. Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ой, хээрийн түймэр гараагүй бөгөөд энэ нь байгаль хамгаалагч, морт эргүүл нарын ажлын томоохон үзүүлэлт гэдгийг дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга онцолж хэлсэн юм. Хаврын улиралд ойн ногоон бүсэд мод, гишүү түүгчид, зуны улиралд амрагчид, аялал зугаалгаар явагчид, намрын улиралд халиар, жимс түүх зорилгоор иргэд зорчдог бөгөөд тэдэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг байнга ярьж сануулдаг талаараа байгаль хамгаалагчид энэ үеэр ярьж байлаа.
Д.Долгор