
Өчигдөр болсон Камбожийн парламентийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан хэмээн урьдчилсан дүнд үндэслэн тус намаас мэдэгдэл хийсэн байна. Гэсэн хэдий ч дээрх мэдэгдлийг сөрөг хүчнээс эрс үгүйсгэж сонгууль маш шударга бус явагдсанаас ташаа үр дүн гарлаа хэмээн сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр сонгуульд сонгогчдын санал алдагдсанаас эхлээд хэд хэдэн зөрчил, дутагдал гарсан хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхий сайд Хун Сенээр удирдуулсан эрх баригч Камбожийн ардын нам 68 суудал авсан бол сөрөг хүчин 55 суудал авсан байна. Гэсэн хэдий ч Камбожийн сөрөг хүчнийхэн дээрх сонгуульд маш хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан учраас одоо байгаагаас илүү санал авч чадах байсан бөгөөд сонгууль маш шударга бус боллоо хэмээн үзэж байгаа аж. Ерөнхий сайд Хун Сений хувьд сүүлийн гучин жил Камбожийн Засгийн газрыг удирдаж байгаа юм байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр хэрвээ урьдчилсан дүнд нэг их өөрчлөлт гарахгүй батлагдвал эрх баригч нам өмнөх сонгуулиудаас харьцангуй муу үр дүн үзүүлж буй тохиолдол болж байгаа юм байна.