Ван Гогийн 55 сая ам.долларын үнэтэй зургийг хулгайлсан хэрэгт оролцсон нь тогтоогдсоны улмаас Египетийн шүүх Соёлын яамны уран зураг хариуцсан хэлтсийн таван ажилтныг хорих ялаар шийтгэжээ. “Цээнэ цэцэгтэй ваар” зургийг Кайрын Махмуд Халигийн музейгээс өнгөрсөн оны наймдугаар сард хулгайлсан юм. Уг хэрэгт холбогдсон, уран зургийн хэлтсийн дарга асан Мохсан Шалаанд нэг жил хорих ял ногдуулсан байна.
Харин манай Монголын уран зургийн галерейгаас үе үе зураачдын бүтээл алга болдог гэмтэй. Зураачид нь өөрсдөө очиж бүтээлээ нэхээд ч амжилт олдоггүй яриа бий. Зураач Лхагвасүрэнгийн “Түмний эх”-ийн эхийг нь хуулбараар сольсон тухай, Уртнасангийн “Мандухай хатан” хэмээх бүтээл ул мөргүй алга болсон тухай зураачид нь ярьж байсан удаатай. Өөр бусад олон бүтээлийн хувь заяа буруу тийшээ эргэсэн тухай зураачид өөр зуураа ярьдаг. Гэхдээ хэн ч оюуны болоод дүрслэх урлагийн үнэт бүтээлүүдийг үгүй хийснийхээ төлөө, хулгайлсныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй. Үнэт бүтээлүүдээ хулгайчдаас нэхмээр байх юм.