
Испанийн Валенсиа клубын болон Испанийн шигшээ багийн довтлогч Роберто Солдадо Английн Тоттенхэм Сперс клубын эгнээнд нэгдэх нь тодорхой боллоо. Өдгөө 28 настай түүнийг Английн клуб 30 сая фунтийн үнээр өөрийн болгосон байна. Тэрээр 2010 оны зун Валенсиа клубт 10 сая еврогийн үнэ цэнээр ирж сарьсан багваахайнуудын төлөө 101 тоглолтод 59 гоол оруулсан билээ. Реал Мадридийн бүтээгдэхүүн тэрээр Испанийн Ла лигт 101 гоол оруулсан нэгэн юм. “Би энэ клубт ирсэндээ баяртай байна. Валенсиа миний сэтгэл зүрхэнд үнэхээр тод дурсамж үлдээсэн баг. Миний карьерын хамгийн дурсамжтай мөч ч энд л өнгөрсөн. Гэхдээ дэлхийн хамгийн хүчтэй лигт чадвартай тоглогчидтой өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг байх болно” гэж Роберто Солдадо ярьжээ. Гэрээ хэлэлцээрийн эхэнд түүнийг 25 сая фунтээр авна гэж яригдаж байсан ч 30 сая фунтээр будант албионд ирэхээр боллоо.
Б.СҮХ