М.Ариунболд: Шинэ ургацын ногоог 28 цэгээр борлуулна

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

М.Ариунболд: Шинэ ургацын ногоог 28 цэгээр борлуулна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдтой ургац хураалтын ажлын явц ямар байгаа талаар ярилцлаа.
 
-Хүнсний ногооны ургац хураалт, борлуулалтын байдал  хэр хэмжээнд байна вэ?

-Энэ онд улсын хэмжээгээр төмс 13.8 мянган га-д хүнсний ногоо 7.1 мянган га-д үүнээс 55 га зуны хүлэмж, 8.4 га өвлийн хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү, гүзээлзгэнэ, навчит тариалсан бай­гаа. Мөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургац хураалт одоогийн байдлаар өргөст хэмх 80 тонн, улаан лооль 18 тонн, гүзээлзгэнэ 500 клограмм, төрөл бүрийн навчит ногоо 38 тонныг хураан зах зээлд нийлүүлээд байна. Талбайн хүнсний ногооны түүвэр хураалт ирэх сарын эхний хагасаас дуусна. Мөн төмсний эртийн ургац хураалт энэ сарын сүүлээс жигдрэх төлөвтэй байна. Төмс, хүнсний ногоо жимс жимсгэний тариалагчид Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ худалдан бор­луу­лах үйл ажиллагааг зохион бай­гуулах тухай Монгол Ул­сын Засгийн газрын 2013 оны долоо­дугаар сарын 09-ний өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжилтийг хан­гахаар Нийслэлийн Засаг дар­гатай хамтран ажиллаж байна. Нийс­лэлийн зургаан дүүргийн 28 цэгт зун намрын борлуулалт хийх худалдааны төв агуулах байгуулан ажиллана.

-Ургац хураалтын явцад тоног төхөөрөмжийн тал дээр асуудал нэлээд тулгардаг. Тэг­вэл энэ оны байдлаар тоног төхөөрөм­жийн хүрэлцээ хэр байна вэ?

-Ургацын техникийн бэлэн бай­дал 72 хувьтай байна. Үүнээс үр тарианы комбайн 72.4 хувь буюу 767 ширхэг, жатка 74 хувь буюу 426 ширхэг, үтрэм 80 хувь буюу 160 ширхэг, үүнээс механикжсан үтрэм 48 ширхэг байна. Үтрэмийн техник 75 хувь буюу 520 ширхэг, төмсний комбайн 70 хувь буюу 63 ширхэг, төмс ухагч 76 хувь буюу 165 ширхэг  бэлэн байдал хангаад байна. Газар тариалангийн ажлыг авч явахад тоног төхөөрөмжийн асуудал маш чухал. Тариаланчид орчин үеийн техник технологийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Ялан­гуяа хүнсний ногооны салбарт ажиллаж байгаа тариаланчид бага талбайд үйлдвэрлэлээ явуулдаг. Эдгээр тариаланчдын дийлэнх нь хүрзээр ажилаа хийдэг. Тиймээс тариаланчдын гар ажиллагааг механикжуулах ажилд манай яамнаас онцгой анхааран ажиллаж бай­на. Тухайлбал хүчин чадал сайн техник тоног төхөөрөмжөөр хангах, хөрс боловсруулах ажлыг механикжуулах зэрэг ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлж байна. Ингэснээр тариаланчид нэг га талбайгаас өндөр ургац авах нөх­цөл бололцоо нь бүрдэх юм. Га­зар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техникийн 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн настай байгаа. Тэр дундаа 40 гаруй хувь нь 25-аас дээш жилийн настай. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш буюу хуучин сангийн аж ахуйд ашиглагдаж байсан хуучин техникүүд байгаа юм. Энэ өндөр настай техникүүд өнөөдөр бүгд төмрийн үйлдвэр рүү явах болсон. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийг энэ намрын тариа хураалтаар 125-160 морины хүчтэй трактор, комбайныг нийлүүлсэн.

-Ургац хураалтад шаардла­гатай тоног төхөөрөмжүүдийг ний­лүүлсэн гэлээ. Тодруулбал ямар тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн бэ?

-Ургац хураалтад шаардлага­тай тоног төхөөрөмжүүд нийлүүлэг­дэж байгаа. Тодруулбал төмс ухагч 25 морины хүчтэй тракторт угсрах зориулалттай 40 ширхэг тоног төхөөрөмжийг Польш улсаас оруулж ирсэн. Мөн төмс ухагч 50-90 морины хүчтэй тракторт угс­рах зориулалттай, ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөм­жөөс 38 ширхэг, үндсэн үрт хүнсний ногоо манжин, лууван ухагч 110 ширхэгийг БНСУ-аас оруулж ирсэн байна. Эдгээр техникийг худалдах тухай сайдын тушаалыг батлуулж ирэх  сарын 20-ноос борлуулж эхэлнэ.

-Одоогоор үр тариа хадгалах зоорь хэр хүрэлцээтэй байна вэ?

-Энэ жил өвлийн хүлэмжийг барихаар Чингис бондоос 17 гаруй тэрбум төгрөг гаргасан. Энэхүү мөнгөөр Голланд улсын загвар хүлэмжийг монголд байгуулах ажлыг эрчимтэй явуулж байна. Ха­рин манай улсын зоорний хүрэл­цээ хангалтгүй гэсэн судалгаа бий. Уг нь 350 орчим тонн хүнсний ногоо хадгалах зоорь хэрэгтэй бай­гаа. Гэтэл Улсын хэмжээнд 178 мян­ган тонны багтаажтай зоорь бай­на. Ихэвчлэн  хуучин нүхэн зоорь, технологийн хоцрогдолой зоорь байдаг. Бид аль болох орчин үеийн үр ашигаа өгдөг зоориудыг барихыг зорьж байна. Одоо манайд байгаа зоорь нь 10 килограмм төмс хадгаласан байхад  гурван килограмм нь хаягдал болж гардаг. Үнэхээр зоорийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт их шаардагдаж байна. Одоогийн байдлаар 3600 гаруй зоорь байна. Эдгээр нь 173.6 мянган тоннын багтаамжтай. Харин гурилын үйлдвэрүүд 295.0 мянган тонн, тариалангийн аж ахуйн нэгжүүдэд 100 гаруй мянган тонн үрийн агуулахтай байна.

-Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногооны тариалалт хүн амын хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-Эрүүл мэндийн сайдын гарга­сан судалгаагаар нэг хүн нэг хоногт хэрэглэх тэжээлийн нормоор авч үзвэл жилдээ манай улсын нийт хүм амын 198 мянган тонн төмс идэх хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн жил 242 мянган тонн төмс хурааж авсан. Үүнийг тооцоолж үзхээр 40 гаруй мянган тонн төмс, хүнсний ногооны илүүдэл гарсан дүнтэй байгаа. Дотоодын хэрэг­лээг хан­гасан ч илүүдэл бүтээг­дэхүүн гарахаар борлуулалтад шууд нөлөөлдөг. Үүнээс үүдэж тариаланчдын хөдөлмөр талаар болох нөхцөл бүрддэг юм. Тиймээс манай ногоочид энэ жил төмсний үйлдвэрлэлээ 1600 га талбайгаар бууруулсан. Энэ нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаа­ран үйлдвэрлэл буурч байгаа нэг хэлбэр. Цаашид үйлдвэрлэлээ буу­руулах биш борлуулалтаа дэм­жих, боловсруулах үйлдвэрээ дэм­жих хэрэгтэй юм байна. Харин бусад хүнсний ногооны үйлдвэр­лэлд Засгийн газар бодлого боловсруулан ажиллаж байгаа.

-Танай яамнаас тариаланчдыг урамшуулах талаар хэр анхаарч байна вэ?

-Энэ өвлийн улиралд тариа­ланчдийг мэдлэгжүүлэх ажлыг төлөвлөж байна. Тариаланчдыг урамшуулахаас гадна мэрэгшүүлэх ажлыг түлхүү анхаарч байна. Газар тариалангийн үйлдвэрлэл мэдлэгт суурилсан үйлдвэрлэл болж хөгжих шаардлагатай байгаа.

 
Б.НАРАНТУЯА

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж