
Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрийн эхний бөгөөд томоохон үр дүн нь инфляцийн түвшин сүүлийн хэдхэн сарын хугацаанд 5.2 хувиар буурсан явдал юм. Засгийн газар Монголбанктай хамтран оны эцэст инфляцийн төвшинг найман хувьд барих томоохон зорилтыг тавьсан. Импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөр ч энэ ажлын нэг хэсэг учир өнгөрсөн онд 14 хувьтай байсан инфляци энэ оны зургаадугаар сарын байдлаар 8.8 хувьд хүрч буурсан нь уг хөтөлбөртэй хамаатай. Дараагийн үр дүн нь Замын-Үүд дэх ачаа эргэлтийн хэмжээ хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдэж урт дараалал үүсэн зэрэг хүндрэл багассан байна. Энэ хүрээнд вагон захиалгыг автоматжуулж дараалал дайрах гэх мэт асуудал үгүй болжээ. Мөн импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дотоодын үнэ өмнө жилүүдийнхтэй харьцуулбал тогтвортой байгаа талаарх судалгаа гарсан байна. Өмнө нь дотоодын зах зээлд нийлүүлэлтийн хомсдлоос үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлзэж байв. Хэдэн жилийн өмнө нэг тонн нь 80 мянган төгрөг байсан цементийн үнэ хэдхэн хоногийн дотор 160 мянгад хүрч огцом өсч байсныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл Монголбанк дэд хөтөлбөрийн ачаар зах зээлд барилгын материалын үнэ тогтвортой байгаа юм. Барилгын улирал ид дундаа үргэлжилж барилгын материалын эрэлт өсч буй энэ үед ч үнэ тогтвортой байгаа нь нийлүүлэлтийг эртнээс анхаарч ажилласантай холбоотой.
Ийнхүү үнийн өсөлтийг нийлүүлэлтийн түвшинд “эмчилж” чадсан нь олон хүний талархлыг хүлээж байна. Аливаа түгжрэл, хүлээлт, саатлаас шалтгаалан нэмэгдэж буй үнийн өсөлтийг чөдөрлөх их зорилгыг өвөрлөн Замын-Үүд боомтоос анх шан татаж эхлүүлсэн ажил наймхан сарын хугацаанд ийм үр дүнг авчирлаа. Гэхдээ энэ бол үзэгний үзүүрээр хийчих амар ажил биш байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон зоримог алхмыг хийсний хүчинд энэ үр дүнг авчирсныг онцлох хэрэгтэй. Дэд хөтөлбөрийн хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийн өртгийг буруулах, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьж ажилласан. Эдгээр зорилтын хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн Замын-Үүд Улаанбаатарын хооронд хатуу цагийн хуваарьтай, тусгай галт тэргийг аялуулж эхэлсэн юм. Энэхүү галт тэрэг ачаа барааг Замын-Үүдээс нийслэл хүртэл 24 цагийн дотор саадгүй тээвэрлэж байна. Мөн барилгын улирал эхэлж буйтай холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нэмэлт галт тэргээр цемент тээвэрлэж эхэлсэн нь бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлж байна. Одоогийн байдлаар хатуу зурмагийн галт тэрэг өдөрт гурван удаа аялаж байгаа бөгөөд импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт төдий чинээ чирэгдэл саадгүй эздэдээ хүрч, үнэ ч тогтовортой байгаа юм. Монголбанк, Зам, тээврийн яамнаас уг дэд хөтөлбөрийн үр дүнг улирал бүрт тодорхойлж байхаар болсон бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар Замын-Үүд Улаанбаатарын хооронд нийт 377 галт тэрэг 21 мянга 873 вагоноор нэг сая 194 мянга 485 тонн ачааг тээвэрлэсэн аж. Түүнчлэн тээвэрлэлтийн өртөгт шатахууны үнэ нөлөөлдөг. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шатахууны эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Монголбанк 22 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,8 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хийсэн. Үүний хүчинд 1.4 тэрбум төгрөгийн шатахууны зардлыг хэмнэсэн тооцоо гарсан байна. Мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт шаардлагатай ачааны 400 хагас, 60 битүү вагон, гол замын гурван зүтгүүр, сэлгээний гурван зүтгүүрийг 70 тэрбум төгрөгийн зээлээр худалдан авахаар судалгаа хийжээ. Дулааны цахилгаан станцуудад нүүрс тээвэрлэхэд зориулсан мянган вагон худалдан авах бэлтгэлийг ч хийгээд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд тавьсан зорилгын хүрээнд энэ мэтчлэн олон ажлыг хийж үр дүнг нь үзжээ.
Эх сурвалж: www.ipost.mn