
Ойн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр нэг ширхэг, ААН байгууллагууд 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн Даланзадгад хотынхоо орчныг ногоон бүс болгох, ойжуулах ажлыг орон нутгаас санаачлан хэрэгжүүлж Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, ААН-үүдэд аймгийн Засаг дарга албан даалгавар хүргүүлсэн. Өнгөрсөн 6-р сараас эхэлсэн сарын аян энэ өдрүүдэд дүнгээ гаргаж хамгийн их мод тарьсан, гаднах орчноо ногоон байгууламж болгосон байгууллагуудыг шалгаруулах юм. Зохион байгуулагчдын зүгээс өчигдрөөс эхлэн хоёр өдрийн турш Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зарим төрийн болон төсөвт, хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын гаднах орчны байдалтай танилцлаа.
Газрын тухай хуулинд Хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу эзэмшигч нь тухайн эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах ёстой гэж заасан байдаг. Хэрвээ хуулийн заалтыг зөрчсөн бол иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин, байгууллага, аж ахуй нэгжийг 20-40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Энэ удаагийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гаднах орчноо тохижуулах аянд төрийн, төсөвт байгууллагуудаас гадна орон нутагт үйл ажиллагааг явуулж байгаа банк, дэлгүүр, үйлчилгээний болон бусад байгууллагууд бүгд хамрагдсан ч ихэнх байгууллагууд хангалттай хэрэгжүүлж чадаагүй нь харагдсан. Сарын аяны хэрэгжилтэнд аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, БОАЖГ болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа. Тиймээс Албан үүргийг гүйцэтгээгүй байгууллагын дарга эрхлэгч нартай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

