Триатлоны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Триатлоны аваргууд тодорлоо

-Триатлончид Өгийнуурт аваргуудаа тодруулав-

Манай
улсад шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүдийн нэг бол триатлон юм.
Олимпийн хөтөлбөрт багтсан сонирхол татахуйц энэхүү спортын төрөл нь
манай улсад хөгжөөд 10 орчим жил болж байна. Ирэх жил Монголд триатлоны
спорт үүсч хөгжсөний 10 жилийн ой тохионо гэж байгаа. Харьцангуй залуу
спортын төрөлд ордог триатлон чухам юугаараа олон нийтийн анхаарлыг
татаж, олимпийн хөтөлбөрт багтсан юм бол гэдгийг танин мэдэхээр зургаа
дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо. Уг тэмцээн
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байрлах Өгийнууранд болсон юм.
Хэдийгээр оролцогч цөөтэй ч тамирчин хүнээс гарах бүхий л ур чадвар,
тэсвэр тэвчээр, авхаалж самбааг жинхэнэ утгаар нь шалгасан тэмцээн
болсон гэдгийг хэлье.

Триатлон гэж юу вэ

Усанд
сэлэлт, дугуй, гүйлтийг хослуулсан спортын нэгэн төрөл юм. 1920 онд анх
Франц улсад үүссэн гэгдэх уг спортын төрөл өдгөө дэлхийн 180 орчим
оронд ямар нэгэн байдлаар хөгжжээ. Анх үүссэнээс хойш 54 жилийн дараа
буюу 1974 онд жинхэнэ спорт хэмээн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж,
дэлхийн улс орнууд триатлоныг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн байна. Улмаар
2000 оны Сиднейн олимпийн нэгэн төрөл болов. Өдгөө дөрвөн олимп дараалан
хөтөлбөрт багтаад байгаа юм. Усанд сэлэлт гэхээр ямар нэгэн зүгээр л
бассейнд сэлнэ гэж ойлгож болохгүй. Триатлончдод өрсөлдөгч их бий.
Тэмцээнд оролцогчдоос гадна байгалийн хүчин зүйл, далайн давалгаатай
давхар тэмцэлддэг аж. Задгай далай тэнгис, нуурт дунджаар нэг км гаруй
замыг сэлж туулаад, улмаар 15-20 км дугуйгаар уралдана. Дараа нь 5-10 км
гүйсний эцэст барианд орно. Тэмцээнд оролцогчид зөвхөн өрсөлдөгчөө
дийлэхээс гадна өөрийгөө яллаа хэмээн баярладаг гэнэ. Урт удаан зам
туулж барианд орох нь өөрийнхөө тэсвэр тэвчээрийг шалгаж байгаа хэрэг
аж. Тиймээс триатлоны тэсвэр тэвчээрийн жинхэнэ шалгуур гэж мэргэжлийн
спортынхон дүгнэдэг байна.

21 км замыг туулсны эцэст аваргууд тодорлоо  

Өнгөрсөн
жил Тэрхийн цагаан нуурт болж байсан тэмцээн энэ удаа Өгийнуурт шилжив.
Ялаа, шумуул ихтэй энэ нуурыг нутгийн зарим иргэн догшин гэдэг юм
билээ. Гэсэн ч тэмцээн зохион байгуулахад харьцангуй тайван байсанд
шүүгч, тамирчин, дасгалжуулагчид баярлаж байна. Зургаа дахь удаагийн
тэмцээн эрэгтэй, эмэгтэй элит, сонирхогч гэсэн гурван ангилалд болов.
Хэдийгээр насанд хүрэгчдийн гэсэн тодотголтой боловч тамирчдын ур
чадварыг илүү хөгжүүлэх зорилгоор 13-аас дээш наснынхныг оролцохыг
зөвшөөрсөн. Тэгэхээр 16-гаас доош насныханд ах, эгчтэйгээ уралдаж чадлаа
сорих боломж олдсон гэсэн үг. Тиймдээ ч залуу тамирчид тэвчээр зааж энэ
тэмцээнд манлайлж чадсан юм. Эрэгтэйчүүдийн ангилалд Монголын триатлоны
холбооны дэд ерөнхийлөгч Ноожийн хүү Тэмүүлэн алтан медаль хүртсэн.
Түүний хувьд триатлоны спортоос төрсөн анхны спортын мастер юм. Бас
анхны олон улсын тэмцээний медальтан гэж байгаа. Аав, ээж, ах гээд гэр
бүлээрээ триатлоны спортыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваагийнхаа ачаар
улсын аваргад анх удаа түрүүллээ хэмээн залуу мастер ярьж байна.
Н.Тэмүүлэн Өгийнуураас хос алтан медальтай гэртээ харьсан. Учир нь,
триатлонтой давхцаж задгай усанд сэлэлтийн хоёр удаагийн улсын аварга
шалгаруулах тэмцээнд тэрээр түрүүлж триатлоны аваргалах замаа зассан юм.
Түүний хувьд дэд байрт шалгарсан Э.Бямбасүрэнгээс таван минутын өмнө
барианд орсон нь бэлтгэл сайн байсныг харууллаа. Гуравдугаарт байрыг дэд
мастер М.Дэлгэрхүү эзлэв. Залуучуудын улсын аваргаас медаль хүртэж
байсан тэрээр Өгийнуурт бас л “давхар цохилт” хийв. Анх удаа улсын аварга болсон спортын мастер Н.Тэмүүлэнгийн яриаг хүргэе.

-Юуны өмнө баяр хүргэе. Хос алтан медальтай буцах нь?

-Баярлалаа.
Би өөрийгөө задгай усанд сэлэлтэд түрүүлнэ гэж бодоогүй. Ямар ч байсан
нэг тойрог өөрийгөө сорьж үзье. Болохгүй бол замаа дуусгалгүй гарна гэж
бодсон. Гэтэл эхний тойргоо хийтэл Дээгий надтай зэрэгцээд л яваад
байсан. Тэгэхээр нь нэгмөсөн замаа дуусгахаар шийдээд уралдсан юм. Эцэст
нь барианы наана түрүүллээ. Гэхдээ Дээгийгийн шөрмөс татаагүй бол
өрсөлдөөн арай өөрөөр эргэх байсан биз. Би энэ триатлоны улсын аваргад л
түрүүлэх зорилготой ирсэн. Хос алттай гэртээ харих болсондоо баяртай
байна.

-Задгай усанд сэлэх хэр хэцүү байв?

-Үнэхээр
хэцүү байсан. Давалгаанд цохиулаад хамаг чадлаа барсан ч гүрийж байгаад
түрүүллээ. Би усаа л амжилттай давах юм бол бусад нь гайгүй дээ гэж
бодсон. Тэгээд уснаас гараад л бусдаасаа тасрах оролдлого хийсэн.

-Барианд орж ирэхэд юу бодогдсон бэ?

-Өөрийгөө ялж чадлаа гэж бодсон.

-Одоо ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байна вэ?

-Энэ
талаар сайн мэдэхгүй юм алга. Сонгон шалгаруулалтад өндөр амжилт
үзүүлсэн болохоор ямар тэмцээнд явуулахыг нь хүлээж л байя.

-Казахстаны олон улсын тэмцээнээс триатлоноор Монголын анхны медалийг авчирсан гэсэн. Энэ талаар товч ярих уу?

-Тэр
тэмцээнд би 11 настай байсан. Үнэндээ медаль авна гэж огт бодоогүй.
Зүгээр л өөрийгөө сорих зорилгоор оролцож байв. Гэтэл хүрэл медаль аваад
маш их баярласан. Тэгээд л триатлоноор тууштай хичээллэхээр шийдсэн.

-Энэ спортын давуу тал нь юу вэ?

-Мэдээж
тэсвэр тэвчээр. Би өөрийгөө тэвчээртэй гэж боддог болсон. Тамирчин
хүний ур чадвар, чадлыг бүрэн шавхаж байгаа юм. Түүнийгээ бүрэн гаргаж
чадсан тамирчин л барианд орно. Тиймээс би энэ спортод дуртай байдаг.

Эрэгтэйчүүдийн
тэмцээнд Монгол Улсаас анх триатлоны дэлхийн аваргад оролцож байсан
н.Цэнгүүн өрсөлдөж, залуу тамирчидтай ур чадвараа сорив. Гэсэн ч залуу
тамирчдын хурдыг гүйцсэнгүй. 

Түүнтэй ийн ярилцсаны дараа
эмэгтэйчүүдийн элит ангиллын тэмцээн эхлэв. Эмэгтэйчүүд усаар нэг км,
дугуйгаар 10, гүйлтээр таван км замыг туулсан юм. Энэ тэмцээнд Лондоны
олимпод эх орноо төлөөлөн оролцсон Г.Оюунгэрэл, хэдхэн хоногийн өмнө
Казань хотод болсон оюутны “Универсиад” наадамд улсын дээд амжилтыг
шинэчлэн тогтоосон Э.Сүрэнням нар оролцсон нь өрсөлдөөнийг илүү эрч
хүчтэй болгов. Бас улсын аваргын нэр хүндийг өргөсөн гэхэд болно.
Г.Оюунгэрэлийн хувьд задгай усанд сэлэлтийн тэмцээнээс хүрэл медаль
хүртсэн ч триатлоноор замаа дуусгаж чадсангүй. Тэрээр “Миний хувьд энэ
жил бэлтгэл тун тааруу байсан учраас амжилт үзүүлж чадсангүй” хэмээн
ярьсан юм. Харин Э.Сүрэннямын хувьд уралдааны явцад жижиг тактикийн
алдаа гаргаж задгай усанд сэлэлт болон триатлоны тэмцээнд хоёуланд нь
медалиас мултарч шагналт байр эзэлсэн. Түүнээс биш Э.Сүрэнням форм
сайтай байсныг дурдах хэрэгтэй болов уу. Ингээд триатлоны тэмцээнд залуу
тамирчин Т.Хүслэн нэг цаг 03 минутын амжилтаар түрүүлэв. Түүний хувьд
дугуйн уралдаанд өөрийн гол тактикаа хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч анх
удаа улсын аварга болсон юм. Сонирхуулахад, триатлоны аваргуудыг Тайвань
улсад үйлдвэрлэсэн мэргэжлийн уулын дугуйгаар шагнасан. Тэгвэл залуу
тамирчин Б.Есүй мөнгөн медалиар энгэр мялаав. Усанд сэлэлтээр дэд байр
эзэлсэн тэрээр Өгийнуурт болсон хоёр тэмцээнээс хос мөнгөн медальтай
буцлаа. Харин задгай усанд сэлэлтэд түрүүлсэн Б.Номин-Эрдэнэ бэлтгэл
сайтай байгаагаа харуулж триатлоны улсын аваргад хүрэл медаль зүүсэн.
Ингэснээр мөн алт, хүрлийн хослолтой гэртээ харилаа. Эмэгтэйчүүдийн
ангилалд медаль хүртсэн гурван тамирчин бүгд Орхон аймгийн “Хангарьд”
спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийдэг аж. Ер нь усанд сэлэлт, дугуйн
тэмцээнд “Хангарьд”-ын тамирчид манлайлж байсныг дурдая. Эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Т.Хүслэнтэй цөөн хором ярилцлаа.

-Улсын аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.
Миний хувьд өнгөрсөн тавдугаар сараас хойш тогтмол бэлтгэлтэй байгаа.
Тийм болохоор амжилт үзүүлэхийн тулд оролцсон.

-Уралдааны зам, саад бартаа хэр хэцүү байв?

-Маш хэцүү байсан. Гэхдээ өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд алтан медалийн эзэн болж чадлаа.

-Өөрийгөө түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан уу?

-Нэг
их итгэлтэй байгаагүй. Би оролцохгүй гэж бодож байсан ч манайхан хамт
уралдъя гэсээр байгаад оролцохоор болсон. Тэгсэн түрүүлээд уулын
дугуйтай болсондоо маш их баяртай байна. Цаашид тогтмол хичээллэж,
амжилтаа батална.

-Ямар тактикаар уралдав?

-Анхнаасаа
дугуйн дээр бүх хүчээ гаргана гэсэн бодолтой байлаа. Дугуй гайгүй сайн
унадаг учраас өөрийнхөө давуу талыг илүү ашиглахыг хүссэн. Яг л
бодсоноороо уралдаж түрүүлэв. Усанд сэлэлтээр би тавдугаар байраар гарч
ирсэн. Азаар миний өмнө гарсан тамирчид нэг их холдоогүй байсан учраас
гүйцэхэд хялбар байлаа. Тэгээд л бүх чадлаа дайчилсан. Маш их хүч
шаардсан тэмцээн байсан. Өөрийгөө бүрэн дайчилсаны эцэст аварга болсон
болохоор маш гоё байна.

Тэмцээний гол ангилал нь ийн дуусав.
Харин үүний дараа триатлоны спортод залуу тамирчдыг татан оролцуулах
үүднээс сонирхогчдын дунд тэмцээн явуулсан. Сонирхогчид 300 метр газарт
усанд уралдаж, улмаар 10 км дугуйгаар өрсөлдөж, эцэст нь 2.5 км гүйснээр
барианд оров.

Банана эрч хүч бэлэглэдэг

Триатлоны
тэмцээнд замаа дуусгасан бүх тамирчинд цэвэр ус, банана өгч байх юм.
Цэвэр ус ч яах вэ амны цангаа тайлах зорилготой. Харин банана ямар
хэрэгтэй юм бол гэж өөрийн эрхгүй гайхав. Гэтэл хол замд уралдсан
тамирчдыг банана сэргээдэг гэнэ. Нэг ёсондоо барианд орсон тамирчдад
сэргээш болдог ажээ. Тамирчид банана идэхээрээ л нүд нь сэргэж, дуу орж
байв. Банана жимс нь сэрүүн чанартай учраас тамирчдад эрч хүч бэлэглэж,
сэргээдэг увидастай гэнэ. Тэмцээн оролсон тамирчид ч бананыг тун
амтархан идэж байна билээ.

Задгай усанд таван км сэлэх нь…

Нуурын
задгай усанд таван км сэлнэ гэдэг тийм ч амар биш аж. Ядахад нуур нь
давалгаатай байсныг хэлэх үү тамирчдыг чадлыг ёстой л нэг барсан юм. Энэ
бол задгай усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Оролцсон
тамирчид таван км замыг усанд сэлж туулсаны эцэст барианд орж байна. Уг
тэмцээний явцад олон зүйл тохиолдож байх юм. 4.5 км зам туулсаны эцэст
дэд мастер М.Дэлгэрхүүгийн шөрмөс нь татав. Гэвч барианд ороход ердөө
500 метр үлдсэн ч учраас тэрээр шүд зуун байж замаа дуусгаж дэд байх
эзэллээ. Нэг гараараа татсан шөрмөсөө барьж, нөгөө гараараа далласаар
замаа дуусгасан түүнийг хараад өөрийн эрхгүй бахархав. Мань эр
Н.Тэмүүлэнд алтан медалиа алдсандаа их л харамссан бололтой. “Би
дараагийн тэмцээнд заавал хариугаа авах болно. Хэрвээ шөрмөс татаагүй
байсан бол би түрүүлэх юм” хэмээн шарлахна. Харин бусад нь түүнийг
тайвшруулж байв. Бас нууранд сэлэх явцад гэнэт биед нь өөрчлөлт орох,
муужрах, толгой эргэх гэх мэт үзэгдэл их тохиолдож байх юм. Ингэж
тэвчээр гаргасны эцэст медалийн тавцанд зогсоно гэдэг хамгийн сайхан.
Бас хөлс хүчээ гаргасны дараа хээрийн хоол идэх нь юунаас ч илүү амттай
байсныг цухас дурдмаар санагдав.

Эко тэмцээн

Байгалийн
хүчин зүйлтэй өрсөлддөг тэмцээн бүр эко байдаг. Яг үүний нэгэн адил
триатлоны улсын аварга ч эко байлаа. Тамирчид дор бүрнээ отогоо
байгуулж, хогоо бөөгнүүлсэний эцэст хамгийн ойрын хогийн цэг дээр
хаясан. Энэ бол байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа нэг хэлбэр
юм. Спорт аялал, адал явдалт аялал, задгай усанд сэлэлт, триатлон,
уулын тэмцээн гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй өрсөлддөг
тэмцээн бүр “эко” гэсэн уриалгыг дэвшүүлж, ногоон дэлхийдээ хор хөнөөл
учруулахгүй, цэвэр цэмцгэр орчинд өрсөлдөхийг илүүд үздэг аж.






Б.МӨНХЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж