Ханшийн савлагаанд юу нөлөөлөв?

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Ханшийн савлагаанд юу нөлөөлөв?

Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд цөөнгүй төгрөгөөр өсөөд байгаа. Монголбанкнаас зарласан долдугаар сарын 28-ны өдрийн нэрлэсэн ханшаар ам.доллар 1506 төгрөг байгаа бол “Найман шарга” захад ам.долларыг 1525 төгрөгөөр зарж байна. Тус захын ченжүүд ам.долларын ханшийн өсөлтийг Хадгаламж банкны асуудалтай холбон тайлбарлаж байгаа бол эдийн засагчид үүнийг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбож байгаа юм. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

Экспортын орлого буурахаар ам.долларын ханш өсдөг

МУИС-ийн ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж:

-Өнгөрсөн жилээс эхлэн нүүрсний экспорт буурсан. Түүнийгээ дагаад үнэ буурс-наас болж улсын төсөвт орж ирэх ёстой мөнгөний хэмжээ багасаад байгаа. Миний үзэж байгаагаар экспортын орлого ам.долларын ханш хоёр шууд холбоотой. Дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ унаж байгаа. Нөгөө талаас манай улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлж байсан нүүрсний үнэ өсөхгүй байгаа нь Монголд орж ирэх ёстой мөнгө хумигдаж байна гэсэн үг юм. Төсвийн орлого биелэхгүй байна гэдэг төсөв алдагдалтай гарахын үндэс. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт эрс буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалт Монголд нэмэгдэхийн хэрээр манайхыг зорьсон мөнгөний урсгал өснө гэсэн үг. Харин буурахаар валютын урсгал хумигдана. Орж ирэх ёстой валютын хэмжээ багасахаар мэдээж үнэ нь өсч таараа. Ам.доллар гэлтгүй юанийн ханш бага зэрэг өссөн.  Хадгаламж банкны асуудал ам.долларын ханшид нөлөөлсөн гэж бодох-гүй байгаа. Гэхдээ мэдээж банк, санхүүгийн байдал тогтворгүй байна гэдэг эргээд өөрөө эдийн засагт сөргөөр нөлөөлдөг л дөө. Тийм учраас аль ч улс орон банкны салбарт болгоомжтой ханддаг. Банкны салбар эмзэг, дээрээс нь эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь өндөр учраас үүнийг эрх баригчид цаашид бодолцох хэрэгтэй болов уу.

Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой

Эдийн засагч Ч.Хашчулуун:

-Ам.долларын ханш өсч байгааг хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болно. Нэгдүгээрт, Монголд гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт эрс багассан. Хоёрдугаарт, Монголын экспортын орлого урьд өмнөхтэй харьцуулахад сүү-лийн жилүүдэд байгаагүй хэмжээгээр буураад байгаа. Тэгэхээр ам.долларын ханш өссөн нь Монгол руу урсах гадаад валют багасч байгааг харуулж байна. Хэдийгээр энэ бүхнийг төр засаг Чингис бондоор нөхөхийг оролдож байгаа ч энэ нь гадаадын хөрөнгө оруулалт болон экспортын орлогын хэмжээг нөхөж чадахгүй байна. Нөгөө талаар ам.долларыг төгрөгөөр сольдог учраас гүйлгээнд нэлээд хэмжээний төгрөг байна гэсэн үг. Дээрээс нь өнгөрсөн сард Шинэчлэлийн Засгийн газраас баталсан найман хувийн хүүтэй зээл ам.долларын ханшийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Ам.долларын ханшийн өсөлт эдийн засагт хүндрэл авчрах аюул бол байгаа. 2011, 2012 онд 3-4 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө оруулалт орж ирж байсан. Тэр их хөрөнгийн гуравны нэг  үлдэхээр 2-3 тэрбум ам.доллар дутагдах нь тодорхой. Хадгаламжийн банкны асуудлаас болж ам.долларын ханш шууд өссөн гэж хэлэх боломжгүй ч гэлээ энэ нь тийм ч таатай үзэгдэл биш. Хэрвээ улс орны санхүүгийн байдал тогтортой биш, өр зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол зээлжих зэрэглэл буурна. Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босголоо гэхэд хүү нь өндөр байх жишээтэй. Тэгэхээр аль болох санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чухал юм.

Найман хувийн хүүтэй зээлээс болсон

Эдийн засагч Б.Лхагважав:

-Ам.долларын ханшид олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, Хадгаламж банкны асуудал. Наанаа нэг сайхан хоёр банкийг нэгтгэсэн гээд байгаа. Цаанаа бол улстөрчид энэ банкийг дампууруулсан шүү дээ. Банк дампуурахаар хүмүүс хадгаламжаа татаж эхэлсэн. Төгрөгөөр биш ам.доллараар мөнгөө хадгалуулах сонирхол ихэссэн. Үнэндээ банкны салбарт эргэлдэж байгаа мөнгөний  ихэнх хэсгийг хадгаламж эзэмшигчдийн мөнгө эзэлдэг. Томоохон хадгаламж эзэмшигчид Монголд биш гадаадад хөрөнгө хадгалуулах сонирхолтой болсон нь ам.долларын ханшид нөлөөлсөн. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт буурангуут ханшийн савлагаа үүсээд эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт маш багассан. Дээрээс нь экспортын орлого буурсан. Монгол руу орж ирдэг байсан мөнгө гадагшаа чиглэлээ. Монгол руу маш бага валют орж ирээд, их хэмжээгээр гадагшилж байна. Энэ нь бас ханшийн савлагаанд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр ам.долларын ханшид нөлөөлсөн. Үнийг тогтворжуулна гээд 900 тэрбум төгрөгийг гаргасан. Мөн найман хувийн хүүтэй зээл гаргаж, маш их хэмжээний мөнгөөр өм-нөх өндөр хүүтэй зээлтэй байсан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ бүхэн эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаагийн эхний дохио ам.долларын ханш. Энэ нь яваа яваандаа эдийн засагт бэрхшээл учруулж магадгүй. Нүүрсний үнэ буурсан, зэсийн үнэ буурсан, экспортын орлогын хэмжээ буурсан, уул уурхайн ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад зогсолтын байдалд орсон. Ам.долларын ханш өсвөл бүх юмны үнэ өсөх аюултай. Учир нь манайх шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, талх чихэр, мах сүү, архинаас бусдыг гаднаас импортолдог орны хувьд хүндрэлтэй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засагт дутагдаад байгаа валютын хомсдолыг хэрхэн нөхөх вэ гэдэг бодлого чухал. Төгрөг илүүдээд, ам.доллар дутагдаад байна шүү дээ.

Ханш жилийн дотор мянга гаруй төгрөгөөр уналаа

Чингэлтэй дүүргийн иргэн Ганбаатарын Бэххуяг: 

-Би гадаад ажиллаж, амьдарч байгаад ноднин эх орондоо ирсэн. Тэр үед 1320 төгрөг байсан. Гэтэл нэг жилийн дараа авч байгаа ханш нь 1502 төгрөг болсон байна. Энэ чинь монгол төгрөгний ханш бол зүгээр л нэг цаас болчихлоо ш дээ. үүнээс үүдээд ард түмний амьдрал ямар болох нь ойлгомжтой. Яагаад гэхээр манай улс бол голцуу импортоор бараагаа авдаг.

Гаднаас бараагаа авахдаа өндөр үнээр авсан наймаачид чинь оруулж ирээд нэмэх нь тодорхой зүйл. Одоохондоо бидний амьдрал нэг их нөлөөлөөд байгаа юм бол алга. Гэхдээ л энэ чигээрээ яваад, өсөөд байх юм бол хэцүүднэ. 

Өдөр болгон айдастай амьдарч байна

Иргэн Загдын Чулуунбат:

-Юунаас болж ам.долларын үнэ ханш нэмэгдээд байгааг мэдэх юм бол алга. Яагаад өсөөд байдгийг төр засаг, эрх барьж байгаа хүмүүс нь л мэддэг байх.

Ямар ч байсан иргэд бид нар өдөр болгон айдастай амьдарч байна. Юунаас айж байна гэхээр, юу нэмчих бол, юуны үнэ хэд болсон байх бол гэдгээс л айдаг. Өдөр болгон “юмны үнэ нэмэгдлээ” гэж сонсогддог болохоос буурлаа гэж сонсогддоггүй. Тэгэхээр долларын ханш нэмэгдэнэ гэхээр ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, дахиад л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Төр засаг маань энэ валютын ханшийг бууруулж чаддаггүй юм гэхэд яагаад барьж чаддаггүй юм. Яагаад валютын өсөлт, эдийн засгаа энэ хэдхэн ченжүүдийн гарт бариулаад байдаг юм, ойлгохгүй байна. Нөгөө олон гавьяат эдийн засагчдын маань хэрэг ийм зүйл дээр л гарах хэрэгтэй.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №022

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж