
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараагаас МАН-ын дэргэд “Шинэчилье” хөдөлгөөн “төрж” улмаар гишүүд нь намын удирдлага, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж намдаа шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ бүх ажиллагааг хийхэд Бага хурал зарлан хуралдуулах ёстой ч залуусын санаснаар “ажиллагаа” явагдахгүй байгаа. Бүтэлгүй талдаа явж байгаа энэхүү “ажиллагааг” хэрэв экс генсек У.Хүрэлсүх удирдаад эхэлбэл нэлээд зүйлийг өөрчилж мэднэ. Ядаж л долдугаар сарын 30-нд Бага хурал болдоггүй юм гэхэд наймдугаар сар гараад зарлагдаж болзошгүй. Эв нь таарвал тэр намын дарга, эс чадваас эргээд ерөнхий нарийн бичгийн дарга болох ч юм бил үү, хэн мэдлээ. Угаасаа энэ намын гишүүдийг шүүгээд, шүүгээд одоогийн удирдлага Ө.Энхтүвшинээс илүү гарчих лидер олдохгүй, халдаж халдаж хар халзандаа болж аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга М.Энхболд хоёрын аль нэгд намын удирдлагыг шилжүүлэх тухай асуудал яригдаж буй нь нууц биш.
Гэхдээ нэг асуудал байна, хэрэв У.Хүрэлсүх намын удирдлагад тэр дундаа улстөрийн намынхаа “тогооны” ажилд дахин зүтгэвэл “Шинэчилье” хөдөлгөөний залуусын уриа “Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр эрхмийг намын удирдах албанд нэр дэвшүүлж, томилно” гэх үг үнэ цэнэгүй болно.
Дээр нь У.Хүрэлсүх итгэл хүлээж чадах уу, түүнийг түших баг нь хэнсэн билээ гээд хөөвөл их л төвөгтэй гаргалгаа харагдана. Учир нь намын нөхөд нь У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж ачаа үүрүүлж үзсэн. Даанч дааж авч явж чадаагүй. Өнөөдөр МАН сөнөх, мөхөхийн ирмэгт байгаа энэ хүнд үед ирэхэд гол үүрэг гүйцэтгэгч нь “У.Хүрэлсүх” гэж буруутгах гишүүн захаас аван олон бий. Үүнд намын нэрийг сольсон нь том алдаа болсон нь маргашгүй үнэн. Уг нь лидер С.Баяраас эхлээд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нар “Намын нэр сольсон нөхцөлд эрсдэл” хүлээнэ гэж анхааруулсан ч тэр “Намын анхан шатны гишүүдээсээ эхлээд бүх шатанд дэмжиж байгаа” гэх PR хийж санаснаа хэрэгжүүлсэн юм. Намын нөхөдтэйгээ үзэл бодол таарахаа больж алдаа л гарвал өрх тусгаарлахад бэлэн байсан Н.Энхбаярын хувьд хэсэг нөхдийг дагуулан явах шалтгаан ердөө “Хувсгалт” гэх үг болов. Түүний араас “Чамаар дутахгүй, эргээд биднийг гуйна даа” хэмээн хашгирч үлдсэн ч ердөө нэг жилийн дараа Улсын Дээд Шүүхээс МАХН-ыг бүртгэн авснаар, МАН-ын туг бөхийж эхэлсэн.
Гэвч У.Хүрэлсүх бууж өгөхийг хүссэнгүй “Намын нэр сольсноос болж МАН УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь хар толгойгоороо хариуцна” гэж мэдэгдсэн. Төдөлгүй УИХ-ын сонгуулийн төвөргөөн эхэлж МАН-аас гарах гишүүдийн цуваа тасарсангүй. Өрх тусгаарласан гишүүдийнхээ орон зайг нөхөхийн тулд сум, дүүрэг, аймгаар нь гишүүн элсүүлж “МАН-д нэгэн зэрэг 1000 гишүүн элссэн тухай” мэдээ хөвөрч байсан ч гишүүний олноор улстөр хийдэггүйн тод баталгаа болж УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн юм.
Ялагдлын хариуцлагыг тэр хүлээж намын удирдах албанаас буусан, харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг сайн дураараа гаргасан явдлыг улстөр судлаачид хоёр талтайгаар тайлбарладаг. Хэдийгээр тэр УИХ-ын даргад хандан гаргасан өргөдөлдөө “Ар гэрийн гачигдлаар” гэх тайлбар хийсэн боловч УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай нударга зөрүүлсэн үйлдэл нь өөртөө хариуцлага тооцох шалтгаан болсон гэж үзэх нь бий. Ямар ч байсан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан тэр мөчөөс гадаад руу мордож, эхнэрээ асарч, хилийн чанадад гэр бүлийнхнийхээ хамтаар суурьшин хэсэг хугацаанд улстөрөөс хөндийрсөн тэрээр ойрын хугацаанд хөдөлгөөнд орсон нь МАН-ыг ямар ч байсан нойрноос нь сэрээж мэдэх ч дахин “гал тогооны” ажилтай хутгалдахыг хүсч буй бол “Шинэчилье” хөдөлгөөнийхөн тууштай дэмжиж таарна. Тус хөдөлгөөнд залуус тэр чигээрээ нэгдсэн. Дээр нь Зүүний хүчний холбооныхон. Гол нь ажилд нухлагдаж үзээгүй, амбицаар зөвхөн амь амьдралаа хэмжиж ирсэн залуучуудаар багаа бүрдүүлж МАН-ыг шинэчилнэ гэвэл бүтэхгүй л болов уу. Шинэчлэлийг ухаантнууд, хувьсгалыг зоригтнууд хийдэг гэх үг бий. Мөн Улстөр судлаач Б.Батсайхан “У.Хүрэлсүхэд нам хангалттай ачааг үүрүүлсэн. Харин тэр ачаагаа эцсийн цэгт нь хүргэж чадаагүй. Даагаагүй ачаагаа дахиад өргөх гэж зүтгэхгүй байлгүй дээ” гэснийг сануулчихъя.