Ой тэмдэглэх мөнгөө ондоо зүйлд зарцуулаасай

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Ой тэмдэглэх мөнгөө ондоо зүйлд зарцуулаасай

Хаа сайгүй л ойн баярууд. Энэ жил Архангай, Завхан Төв, Хэнтий зэрэг дөрвөн аймаг 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна.  Үүнээс гадна Монголын 330 гаруй сумын хэд  нь ч ойн баяр тэмдэглэж, бас хэчнээн сургууль ойтой юм  бүү мэд. Ямар ч байсан бөөн бөөн ойн баярын урилга заллагуудаар Монгол дүүрчихээд байгаа билээ. Зуны сарыг зургаа, намрын сарыг найм юм шигээр санаж найр наадам, ойн баярууд тасралтгүй үргэлжилж, монголчууд ч ойгоос ой, наадмаас наадам хэссээр л.  Хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаар нь зарлагадаж, аймаг, сум адаглаад сургуулийн ойг тэмдэглэж байгаагаас харахад монголчууд тасархай баян дэгээ, янз нь.

Ядуугаа мэдэхгүй нэрэлхүү, дээр нь бардам гэдэг шиг аймаг, сумаараа өөр хорондоо бэл бэнчингээрээ илүүрхэнэ. Нутаг, нуга, хамаатан садан, ах дүү нараараа цуглардаг болохоор ч тэр үү сайн сайхан яваагаа харуулахыг хүсдэг  нь монголчуудын гэм биш зан юм хойно доо.  Гэхдээ л  ойн баярууд сүүлийн жилүүдэд монголчуудын бэл бэнчингээ гайхуулах наадам болж хувирсан.

Орон нутгийнхан ч нь хоосонгүй, ойгоо угтаад гуйж түүж олсон мөнгөөрөө баахан хөшөө, суварга босгож,  бөхийн барилдаан, морины бай гээд болсон болоогүй зүйлд зарцуулаад өнгөрдөг нь худлаа биш. Яг үнэндээ ой болгоныг хэдэн зуун саяар тэмдэглэдэг Монгол Улс тийм баян орон мөн үү.  Монголчуудад тулгамдах асуудал огтоос байхгүй гэж үү.  Хоёр гуравхан хоног баярлаад өнгөрөх ойд хэдэн зуун саяар нь цацах тийм их  хөрөнгөтэй улс уу, бид чинь. 

Баярлах сайхан, гэхдээ баяртай зүйл хийж, бусдыг баярлуулах бүр ч  сайхан. Хөшөө барьж, суварга босголоо гээд хөдөөд хөгжил ирснийг би лав мэдэхгүй.  Ой болгоноор бөх барилдуулж, морь уралдууллаа гээд онцын ч өөрчлөлт гарсан юм байдаг билүү. Ой гэхээрээ л заавал морь уралдуулж, бөх барилдуулах ёстой гэсэн хууль байхгүй. Хэн хаанахын ойгоор хэд давж түрүүлснийг, хэний морь түрүү магнай болсныг хожмоо хэн ч санадаггүй шүү дээ. Харин ойгоороо улс орон, ард иргэддээ тустай буянтай зүйл бүтээчихвэл тэр түүх болон үлдэнэ. Өнөөдөр Монголд нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй олон, олон асуудал байна. Төр эмнэлгүүдээ барьж, Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж, бөөрний аппарат авч, хүүхдийн эмнэлэг, сургууль цэцэрлэг гээд хөрөнгө мөнгө шаардсан амин чухал асуудал мундахгүй их байна. Аль нэг аймаг, сумын уугуул, суугуулууд нийлээд ойгоороо Монголдоо номер нэг төрөх эмнэлэг, түлэнхийн төв баривал мөн гоё оо. Уйтгартай уламжлалыг эвдсэн  содон бөгөөд сонин түүх болно.  Сая саяар нь бөхийн барилдаан, морины уралдаанд зарцуулж байхаар бөөрний аппарат улсдаа бэлэглэвэл жинхэнэ буян болох байх даа. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр ой болохоор л бэл бэнчингээ гайхуулах шинэ монголчууд цээж өвчнөөсөө хэзээ салах бол доо.

“Хундага тавилгүй сархад зооглож, хутга тавилгүй мах идэж” наадлаа гээд Монгол Улсад ямар наалдац байна вэ. Болдогсон бол ой тэмдэглэх хандивын тэр их мөнгийг ондоо зүйлд зарцуулахсан.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж