Одоогоос яг нэг жилийн өмнө, 2012 оны 7 дугаар сарын 27-нд Зуны олимпийн 30-р наадам Лондон хотноо нээлтээ хийж байлаа. 204 орны 11000 гаруй тамирчин оролцсон хүн төрөлхтний их баяр наадамд манай улс 29 тамирчнаа илгээж, түүхэн дэх хамгийн олон болох 5 медаль, анхны хос медальтнаа өлгийдэн авсан билээ. Н.Түвшинбаяр (жүдо, -100 кг), Н.Төгсцогт (бокс, 52 кг) нар мөнгөн медаль, У.Мөнх-Эрдэнэ (бокс, 60 кг), С.Батцэцэг (чөлөөт бөх, 63 кг), С.Ням-Очир (жүдо, 73 кг) нар хүрэл медаль нийт Монголчуудаа баярлуулж байсан билээ. Өдгөөгөөс яг нэг жилийн өмнөх нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугийг Монгол Улсын Гавьяат Тамирчин, марафоны улсын рекордч, Азийн аварга Б.Сэр-Од залан цэнгэлдэхэд орж ирж байсан юм. Тус наадамд медаль хүртсэн, оролцсон нийт тамирчиддаа ХАЛУУН БАЯР ХҮРГЭЖ, спортын их амжилтыг хүсье.
С.Ням-Очир медалийг түүчээлж, Н.Түвшинбаяр анхны хос медальтан, "Лондон 2012" наадмаас Н.Төгсцогт Монголын хамгийн залуу олимпийн медальтан болж, С.Батцэцэг 1980 оноос хойш тасраад байсан чөлөөт бөхийн медалийг эргүүлэн авчирсан билээ. У.Мөнх-Эрдэнэ дэлхийн боксын бүх тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол хүн болсон юм.
Тус наадамд амжилт үзүүлэхэд гар бие оролцсон дасгалжуулагч, эмч, илээч, штабын ажилтнууд, арын албаныхан, МҮОХ, Монгол Улсын Засгийн Газар, олимпийн зүтгэлтнүүдэд гүн талархал илэрхийлж байна.
"Рио 2016" олимпийн наадмын салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлж, Бразилийг хамтдаа дайлаар мордохыг уриалж байна.
Эх сурвалж: www.facebook.com/TeamMongolia