Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Амины үнэтэй хором

…Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг дарга М  долдугаар сарын 25-ны үдэш нийслэлээс сум руугаа явж байхад нь замын хажуугаас мотоцикльтэй хоёр хүн орж ирснээс осол гарч, М газар дээрээ нас барсан байна. Талийгаач Дэлгэрхангай сумынхаа 90 жилийн ойд бэлтгэн Улаанбаатарт ирээд буцаж байсан нь энэ ажээ. Засаг даргаас гадна мотоцикльтэй явж байсан нэг залуу амиа алдсан бол бусдынх нь биеийн байдал маш хүнд байна.

…Хан-Уул дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрнээс долдугаар сарын 26-ны өглөө 06.00 цагийн орчимд Toyota Prius маркийн автомашин унаж, осолдсон хэрэг гарчээ. Автомашинд 24-26 орчим насны гурван залуу зорчиж явсан бөгөөд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын төвшин өндөр байжээ.

Хорин дөрвөн цагийн дотор нийтэд мэдээлсэн ослын мэдээ энэ. Цаана нь хэвлэлээр мэдээлээгүй олон арван осол гарсаар байна. Ургамал ногооны гарц жигдэрч, нар хур тэгширсэн өдрүүдэд амралтаа аван хөдөө гэр, ахан дүүс, хамаатан саднаа бараадан амрах хүсэл хэн бүхэнд бий. Дээр нь унаган Улаанбаатарынх биш л бол нутаг нуга, сургууль цэцэрлэгийн ой, аймаг сум,  ураг садны баяр давхцан нийслэлээс хөдөөг зоригсод тун их байна. Энэ хэрээр хөдөөгийн  замд гарч буй аваар ослын тоо хэрээс хэтэрчээ. Байгууллага хамт олон, ах дүүсээрээ нийлж нэгдэн салхинд гарч стрессээ тайлан, бүтэн жилийн ажлын ачааллаа хөнгөлөхийг хүсэх нь мэдээж. Гэвч баярласан хүмүүсийн хөөрсөн сэтгэл гэдэг болгоомж, сэрэмжийг үлдэн хөөж, анхаарал сарниулдаг гэдгийг сануулахаас аргагүй нь.
 
Олон жилийн өмнө эхлүүлсэн Мянганы зам Чингис бондын хөрөнгө оруулалтаар үргэлжилж, энэ жилдээ зургаан аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой цардмал замаар холбох ажил ид өрнөж байна. Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн зургаан аймгийн хатуу хучилттай асфальтан замаар холбох их ажил өрнөж байна. Зөвхөн Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд л гэхэд зургаан компани, 200 орчим тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчин ажиллаж байна. Энэ олон хүн өдөр шөнөгүй ажиллаж буй хэдий ч хөдөөгийн зам ундуй сундуй, ороо бусгаа хэвээр байна. Угийн онгорхой цоорхой, нөхөөс хадаас ихтэй замыг энд тэндгүй хуу хуу татсанаас болж хөдөөгийн замд гарч буй осол аваар нэмэгдэж байна. Засч буй замын эхэн төгсгөлд таних тэмдэг тавиагүй, тавьсан тэмдэг нь үдэш оройн цагаар танигдахааргүй бүдэг байгаагаас төөрч будилах, овоолго шороог мөргөх байдлаар гарсан аваар цөөнгүй байна. Хөдөөгийн замд моторт хөлгийн хурд, хүчийг шалган хэт хурдтай давхих, өөдөөс ирж буй машин холын гэрлээ шилжүүлээгүйгээс гэрэлд цохигдох, замын бартаа саадыг тойрох гэж огцом эргэлт хийснээс замын хажуу унах, машины дугуй буудаж жолоодлого алдах зэрэг шалтгаанаар осол аваар олонтаа гарч буйг мэргэжлийн хүмүүс сануулсаар байна. Гэвч гай газар доороос гэдэгчлэн хоромхон төдийд анхаарал сарнихад насан туршдаа харамсаад барахгүй, халаглаад дуусахгүй барцдыг дагуулдаг ажээ. Машинаа ямбийтал мөргөлдсөн, хүмүүсийг бэртэж гэмттэл нь дайрсан, амь насыг нь хөнөөсөн үй олон баримт жишээг бид мэддэг. Тэр тоолон халаглан гашууддаг хэдий ч өөрийн биеэр туулах шиг аюул үгүй ажээ.

Сэрэмж алдсан ганцхан хором нэгэн халуун амийг бүрэлгээд зогсохгүй, бүхэл бүтэн гэр бүлийг сүйтгэж болохыг дахин дахин сануулахын учир ийн бичиглэв.

Аминаас үнэтэй хором гэж үгүй. Яарч тэвдэх, адгаж сандрах, уурлаж бухимдах, баярлаж гомдох гэдэг насан туршдаа эрүүл мэндээрээ хохирон тахир дутуу болох, амь насаа алдахын дэргэд өчүүхэн, салхи дэгдээд намжихын төдий зүйл. Гэвч энэ аюулыг хүн биеэр туулахаас нааш ухаардаггүй ажээ. Хэдий хашир бэрх жолооч байлаа ч өчүүхэн төдийд сэрэмж алдсанаас хамгаас хайртай үр хүүхэд, гэр бүлээ өөрийн гараар хөнөөж мэдэх гамшиг бол осол аваар юм.

Хотын замын түгжрээнд 30-40 милээс хэтэрч хурдалдаггүй хэн бүхэнд хөдөөгийн зам сэлүүхэн сайхан санагдаж, машиныхаа хурд хүчийг үзмээр санагдах нь нэг төрлийн соёлын шок байх талтай. 80-100 км, цаашлаад 100-110 км-ийн хурдтай нисч яваа техникт саад тулгарлаа гэхэд самбаачлах боломж жолоочид тэр бүр олдохгүй. Энхэл донхол, ухсан нүх, овоолсон шороо гэхчилэн хөдөөгийн замд тулгарах саад тотгорыг хот орчмын ногоон бүсээс холдож үзээгүй хүмүүс тэр бүр тооцоолох нь үгүй. Үүнээс болж хичнээн халуун амь цаг бусаар нөгчиж, хичнээн хүн залуу халуун насандаа тэргэнцэрт суун, хэвтэрт орж байгааг тооцож тооцоолон сануулдаг ганц газар нь Замын цагдаа. Замын цагдаад зүрх муутай болон эмзэг хөнгөн сэтгэлтэй хүн бол ажиллах боломжгүй юм даа гэсэн бодол эрхгүй төрдөг юм. Зам дагаж хөгжил ирэхийн зэрэгцээ зам дагасан элдэв аюул ослоос урьдчилан сэргийлэх талд илүүтэй анхаарах цаг болсон санагдана. Хэдийгээр осол гэдэг тухайн жолоочийн хариуцлагаас шууд хамааралтай боловч хөдөө алсын замд гарч буй хүмүүст санамж сэрэмж болгох үүднээс хяналт шалгалтыг чангатган, анхааруулга өгөх үүрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнд бий. Хөдөө гарч буй автомашины хурд хэмжигчийг /зуслангийн замд ганц нэг бий/ замын хажууд байрлуулахын дээр зарим машин, техникийг замд гарахаас нь өмнө шалгаж сэрэмжлүүлж байвал ганц ч бол хүнийг аюул ослоос аврахын зэрэгцээ ослын дараа тусалснаас хавьгүй илүү буян болох билээ.
 
Осол зэхийд өртсөн хэн бүхний аврал эрэн очдог газар нь сүм хийд. Чухам юунаас, хэнээс болов гэхчилэн алдсан, буруудсан шалтгаанаа олох гэсэн хүмүүс шар, хар, лам, бөөг зорих нь элбэг. Сүүлийн үед  осолд өртсөн хэд хэдэн хүний амнаас “Муу юмны гүйдэл, суудал таарч гэнэ” гэсэн таагүй мэдээ сонсов. Газрын гай гэгдэх тэр муу муухай бүхэн үдэш оройн цагаар идэвхждэг гэж хөгшид цээрлэдэг дээ. Гэтэл гэгээн цагаан өдөр хүртэл тийн гүйсэн харайсан гэх болжээ. Алдсан хүн арван тамтайн үлгэрээр бурууг бусдаас хайх гэсэн мухар сүсэг байж болох ч энд тэндгүй сэндийчиж онгилсон газар, овоолж босгосон шорооноос болж лус савдаг нь хилэгнэн хашраадаг биш байгаа гэсэн болгоомжлол төрснийг нуух юун.

Улсын баяр наадмын үеэс хүмүүс ээлжийн амралтаа авч, байгууллагын ширээ сандал хоосорч эхэлдэг. Ялангуяа дээд албан тушаалтнуудын хаалга үүд түгжээтэй байх нь олширч, гарын үсэг зуруулах гэсэн хүмүүс хамгийн багадаа хагас сар хүлээхэд хүрч байна. Үүний хамгийн сонгодог жишээ бол Засгийн газар. Гүйцэтгэх засаглал кабинетаараа нэгэн зэрэг амарсан тохиолдол ойрын хэдэн жилд тохиогоогүй санагдана. Бууриа сахиж үлдсэн Шадар сайд нь дэд сайд тэргүүтнээ дуудан үүрэг өгөх төдийгөөр арваад хонох энэ хугацаанд харъяа яам, тамгын газар, алба агентлагийнхан ч амарч зугаалж эхэлжээ. Бүүр амралтад эс явбал торгоно гэсэн аман хууль үйлчилж буй сурагтай. Ээлжийн амралт гэдэг шинжлэх ухааны үндэстэй тогтоогдсон зүйл байдаг ч албадлагаар нийтээр нь зугаалуулж байгааг хэрхэн ойлгох вэ. Тэнгэр хангайн ивээлээр тэдгээр хүмүүс энх тунх гэртээ ирж. Гэвч нийтээрээ зугаалж байгаад осол зэхий тохиолдвол торгууль шийтгэлээр далайлгасан эрх мэдэлтэн хариуцлага хүлээх үү, торгуулиас айж нийтийн зугаалгад оролцсон хөөрхий азгүй нэгний хохь болоод өнгөрөх үү гэдгийг бас бодууштай.

Дахин сануулахад аминаас үнэтэй зүйл гэж энэ дэлхийд нэгээхэн ч үгүй билээ. Амь нас, эрүүл мэнд гэдэг хоромхон төдийд алдаж болох хамгаас үнэтэй, хамгийн нандин зүйл боловч хоромхонд алдаж болох хэврэгхэн байдаг ажээ.

Амины дайтай хором бүрийг болгоомж, сэрэмжээр манаж явахыг сануулъя.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж