Азийн АШТ-ийг үнэгүй үзээрэй

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Азийн АШТ-ийг үнэгүй үзээрэй

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр 14.00 цагаас үргэлжлэн явагдана.

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны
14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен,
Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен,
Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөж байна.
Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн
бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөж буй.

Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн барилдаан болж, хөвгүүдийн 58 кг-д Г.Чойгожид хүрэл медаль хүртсэн бол өчигдөр болсон чөлөөт бөхийн охидын таван жингийн барилдаан болоход манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 49 кг-д Г.Отгонжаргал ("Алдар" спорт хороо) мөнгөн медаль хүртэж, 38 кг-д Н.Азжаргал ("Алдар" спорт хороо), 40 кг-д Б.Чимгээ (Увс аймаг), 43 кг-д Т.Аззаяа (Увс аймаг) тус тус хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртээд байна.

Өнөөдөр болон маргаашийн тэмцээний хуваарийг танилцуулья.

Долоодугаар сарын 27. Бямба гариг

  • 14.00-17.00 Охидын 42, 46, 50 кг, хөвгүүдийн 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Долоодугаар сарын 28. Ням гариг

  • 13.00-16:00 Хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 16:00-18.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Асашерью сан”, “Уушиг хайрхан” ХХК ажиллаж байгаа юм.

Тив, дэлхий, олимпийн аваргуудын залгамж халаа болсон өсвөрийн чөлөөт,
сонгомол барилдааны тамирчдаа Буянт-Ухаа спорт цогцолборт очиж, үнэгүй
үзэж дэмжээрэй.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж