Арилжааны банкуудад засаглалын шалгалт оруулъя

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Арилжааны банкуудад засаглалын шалгалт оруулъя

“Хадгаламж” л хайран байна. Банкны системийн нийт хөрөнгийн найман хувийг бүрдүүлэх, зах зээлийн топ таван банкны нэг Төрийн банктай нэгдэв. Өөрөөр хэлбэл, төр ивээлдээ авлаа. Төсвөөс татаастай Төрийн банк “Хадгаламж” банкаар бүл нэмлээ. Монголбанкны ерөнхийлөгч ийм шийдвэр гаргав. Харилцагч хийгээд “Хадгаламж” банкийг аврах төлөвлөгөө мэдээж зөв байсан. Угаас Төвбанкны үүрэг. Гэхдээ банкны салбарт компанийн сайн засаглал бүрэн төгөлдөр хэрэгжиж, нутагшихгүй байгаа нь Монголбанкны алдаа. Ийм алдааны эх сурвалж нь Төвбанк. Тэд ч бас арилжааны банкуудад “их цэвэрлэгээ”-г 2006 онд явуулж байсан. Энэ нь дөрвөн тэрбум төгрөгийн дүрмийн санг хоёр дахин нэмэгдүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудыг илүү чанаржуулсан юм. Гэхдээ зөвхөн дүрмийн сангаар л арилжааны банкуудад шахалт үзүүлж байлаа.

Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх алхмыг Монгол удирдлагатай банкны эзэд нэвтрүүлэхгүй удах нь сонирхлын зөрчилтэй ч юм шиг. Өнгөрсөн хугацаанд эрсдэлд орсон банкуудын удирдлагад дандаа монголчууд байсан нь бас л эргэлзээ төрүүлнэ. Дүрмийн сан чухал. Түүнээс илүү чухал нь өнөөдөр засаглал болоод байна. Засаглал муутай арилжааны банк бүрт төрөөс гар сунгаж, Монголбанк итгэл үзүүлээд байх уу. Харилцагч чухал. Хадгаламж бүр ч чухал. Гэвч төр банк биш ээ. Төр төсвөөс санхүүждэг. Төсөв нь бидний татвар. Иймээс хариуцлагын тогтолцоо, засаглалын мөн чанарт ач холбогдол өгөх цаг болчихож. “Хадгаламж” дохио болж, санууллаа. Тухайн арилжааны банкийг дүрмийн сангаар нь бус засаглалын үзүүлэлтээр нь хэмждэг болъё. Угаас дүрмийн сантай байж гэмээнэ банк оршин тогтнох нь зүй ёсны хэрэг. Харин харилцагчаа татах, зах зээлийн найдвартай байдал нь засаглал бус уу. Банк бол итгэлцэл юм. Зөвхөн итгэлцэл дор үйл ажиллагаа нь оршин байдаг мөнгөний зах.

Сүүлийн 22 жилийн хугацаанд манай улсад 31 банк байгуулагдсанаас 15 нь дампуурч, гурван банк нэгдэж, өнөөдрийн байдлаар нийт 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс хамгийн сүүлд эрсдэлд орсон нь “Хадгаламж”. 2005 оноос хойш шинээр арилжааны банк байгуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд жил ирэх тусам арилжааны банкуудын тоо цөөрөх хандлагатай байна. Тухайлбал, 1997 онд арилжааны 18 банк үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд уг тоо өнөөдөр 13 болж буурчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 16 жилийн хугацаанд Хадгаламж банкийг оруулж тооцсоноор нийтдээ таван банк зах зээлээс “явлаа”.

Монгол Улсад 60 гаруй мянган аж ахуй нэгж бий. Эдгээрээс 13 /14 байсан/ байгууллага арилжааны банкны тусгай зөвшөөрөлтэй. Тэд санхүүгийн салбарын 97 хувийг бүрдүүлж, ДНБ-ий 80-90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эргэлдүүлж байна. Өнөөдөр манай улсын ДНБ 14 их наяд төгрөгт хүрсэн бол банкны салбарын нийт хөрөнгө 10 их наяд. Нийт зургаан банк нь гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадын хувь нийлүүлэгчдийн эзэмшилд байгаа юм. Энэ нь банкны системийн 43 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын санхүүгийн системд гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэвтэрсэн нь ийн харагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийн түвшин 17 орчим хувьд хүрч, таван зээл тутмын нэг нь эрсдэж байсан үе банкны системд бий. Харин сүүлийн жилүүдэд санхүүгийн систем тогтворжиж эрүүлжих хандлагатай байгааг банкуудын чанаргүй зээл буурч байгаагаас ажиглаж болох юм. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны зургаадугаар сарын эцэст 316.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.4 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 8.8 тэрбум төгрөг буюу 2.8 хувиар өссөн байна.

“Анод”, “Зоос”, “Хадгаламж”. Цагтаа топ явсан тус гурван банк сүүлийн таван жилийн дотор зах зээлээс хасагдаж, хоёр нь төрийн мэдэлд шилжлээ. Тэд ийн орон зай, байр сууриа алдах болсон шалтгааны “хөрс” нь засаглал суларсантай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хамтын засаглал буюу компанийн сайн засаглалыг чанд мөрдөөгүйн улмаас дээрх хохирлыг амсаад байна. Эзэд нь хүнд байдал ороод байна. Хувь нийлүүлэгч нь алдагдал хүлээлээ. Банкны салбар оршин тогтнох баталгаа нь засаглал. Дүрмийн сан чухал үүрэгтэй ч засаглал туйлаас чухал болохыг топ банкуудын азгүйтэл илтгэнэ. Удирдлагын засаглал тааруугаас зайгаа тавьж өгсөн арилжааны банкуудын гашуун сургамж бүдгэрээгүй. Тэдний мөрөөр яваа банкны нэг нь “Транс”. Томоохон банкуудын бүдэрсэн “чулуу” нь засаглал.

Арилжааны банкны дүрмийн сан 16 тэрбум төгрөгт хүрч, анх 50 сая төгрөгөөр босго тогтоож байсан үе түүх болон үлдэв. Уг нь Төвбанкнаас тодорхой хугацаанд дүрмийн санг давтамжтай нэмэгдүүлж байгаа. Энэ нь эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дампуурах магадлалыг бууруулах зорилготой. Арилжааны банк нь бусдаас татсан эх үүсвэрийг ашиглан санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлж хүү, ханшийн зөрүүнээс ашиг олдог. Хэрэв алдагдал хүлээсэн тохиолдолд оруулсан хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцлага хүлээх учиртай. Гэхдээ банкны “хашир” эзэд холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстойг тун сайн мэдмээр юмсан.

Сүүлийн 15 жилд дотоодын банкны системийн нийт актив 0.2 их наяд төгрөгөөс 5.1 их наяд төгрөг болж өссөн буюу ДНБ-ий 22 хувиас 62 хувь болж өсчээ. Цаашилбал, 2008-2010 оны хооронд банкуудын нийт актив 3.6 их наядаас 5.1 их наяд төгрөг болж, зөвхөн хоёрхон жилийн дотор 42 хувиар өссөн байдаг. Монголын арилжааны банкуудын нийт хөрөнгө өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 11.99 их наяд төгрөг болж, 2011 оныхоос 28 хувиар өссөн. Банкны салбарын нийт актив хөрөнгө сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа хэдий ч жилийн өсөлтийн хувь нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хэлбэлзэж байна.

Тоогоор хэмжиж болохгүй, мөнгөөр шууд худалдаад авдаггүй компанийн сайн засаглал арилжааны банкуудад үгүйлэгдэж байна. Тэднийг ийм соёлд сургах эрх, үүрэгтэй нь Монголбанк. Тиймээс арилжааны банкуудад засаглалын шалгалт оруулъя, Төвбанкны ерөнхийлөгч өө. Тэгж эс чадваас банкны засаглал бэхжихгүй. Санхүүгийн зах зээлийн нас богиносно. Зөв нь буруудна. Буруудсан нь хазайна. Эрүүл нь өвчилнө. Эцэст нь зах зээл нурна. Юун зээлийн хүү, хадгаламж. Хамаг л супер төлөвлөгөөг хамаад одох бус уу, тэд чинь.

Б.БАЯРТОГТОХ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж