
Телевизүүдийн оройн мэдээллийн хөтөлбөрөөр нэг л их мундаг нутаг, нутгийн яриа өрнүүлсэн сайдууд гарч байна. Сайдын ажил гэдэг улс орны шинж чанартай байх ёстой болохоос нутаг нугаар яригддаггүй л байх. Мэдээж энэ асуудлыг хөндөхөөр ар талд ажил цалгардаагүй, явж байгаа гэх тайлбар хийх биз. Харин 18 яам, 40 гаруй агентлагийн ажлыг ганц Шадар сайд хийж гүйцэх үү. Шөнө унтахгүй зүтгээд ч барахгүй шүү дээ. Тэгтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг “Төрийн ажил амраагүй” гэж мэдэгдэж. Төрийн ажил зогсонги байдалд шилжиж амралтад шилжсэн учраас л гарч байгаа эрсдэл бүрийг урьдчилан сэргийлж зогсоох арга хэмжээ авч чадахгүй байгаа юм биш үү.
Удахгүй өвөл болно, гэтэл Амгалан дулааны цахилгаан станцын газар чөлөөлөлт явдаггүй. Ялтай юм шиг хотын дарга ганцаараа тэнд хэдэн нөхдүүдтэй зүтгээд л сууна. Сураг сонсох нь ээ, хотын даргын бие чилээрхсэн сураг сонстоно лээ. Засгийн газар нь ажиллахгүй болохоор хотын дарга хамаг ачааллыг өөр дээрээ авч, эцэстээ шургаж унахтаа тулж байна. Харин Ерөнхий сайд гуай “Амгалан газар чөлөөлөлтийн ажил яагаад явахгүй байна вэ, хотын дарга аа?. Юу хийгээд сууна вэ” гэж өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр болсон “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй уулзалтын үеэр түүнийг яллаад л суусан. Эгц өөдөөс нь Эрчим хүчний сайд М.Сономпил харж суухад өнөөхдөө үг хэлэхгүй хэрнээ хотын даргыг л “чимхээд” байгаа юм. Гэтэл нөгөө муу нэр зүүсэн хотын дарга л энэ улсад амраагүй албан тушаалтны нэг болж хувирч байх шив. Үнэхээр зүтгэл байгаад хийе гэвэл амралтыг умартан ингэж л ажиллах ёстой. Юун аймгийн наадам, юун сумын 90 жил. Хэрвээ энэ улсын ажил морь уралдуулж, бөх барилдуулснаар хэмжигддэг болсон бол хөөрхий болжээ гэсэн үг. Тэр тусмаа “Чингис бонд”-ын хүүгийн өр өдөр ирэх тусам зузаарч, монгол хүн бүрийн нуруун дээр өрийн дарамт үүсгэж байгаа энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар яаж амарч чадаж байна вэ гэдгийг асуумаар байна. Яаж хоолойгоор нь айраг цагаа багтаж орж чадаж байна вэ. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат бондын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төсөл хөтөлбөрөө хурдан хэрэгжүүлэхгүй бол бид бондын мөнгөнд хоосон хүү төлнө” гэсэн байсан. Учир нь Засгийн газар 2013 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөг, Чингис бондын эх үүсвэрээс 1.9 их наяд төгрөг гаргаж бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Чингис бондын мөнгөөр хийх хөрөнгө оруулалтын төсвийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Гэвч зарим төсөл нь бэлэн болоогүй, яам, тамгын газруудад боловсруулж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр хийх 1.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажилд энэ оны эхний хагаст 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой байсан. Одоогоор төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын санхүүжилтээс 200 гаруй тэрбум төгрөгийг гаргаад байгаа нь амрах завгүйгээр ажиллах ёстойг сануулж буй.
Хэрвээ энэ дулааны улирлыг ашиглаж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, эхлүүлсэн хэдийгээ урагшлуулахгүй бол дээр хэлсэнчлэн Монгол Улс бондын мөнгөнд хоосон хүү төлсөөр байх болно. Бэлэн төсөлгүйгээс болж “Чингис бонд”-ын хүүнд өвлийн турш хоосон хүү төлсөн. Харин үүнийг эрх баригчид “Монгол банк менежмэнтийг нь хийж байгаа учраас санаа зовох зүйлгүй” хэмээн тархи угааж байв. Үнэндээ бол хүүнд нь хоосон хүү төлөөд л суусан. Одоо болъё, ард түмний амьдрал хэцүүдэж, улс орны ажил урагшлахаа болих нь. Хэдий болтол найрлаж, хэдий болтол зугаацах юм. Амралтаа хурдан цуцлаад ирж ажлаа хийцгээ. Төрийн ажил зогсох ёсгүй.